ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ болон ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖ

Монголд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хөрөнгө оруулалтын хэрэгслүүд бол:
- Банкны хадгаламж
- ББСБ-н итгэлцлийн үйлчилгээ
- Хувьцаа
- Бонд юм.
Эдгээр нь хоорондоо хүү өгөөж, татварын хувь, эрсдэл болон даатгалаараа ялгагдана.
Тухайлбал хадгаламжийн хүү бусад төрлийн хөрөнгө оруулалтуудын өгөөжөөс бага байдаг. Гэхдээ та 20 хүртэл сая төгрөгийн хадгаламж нээлгэвэл даатгалд хамрагдана. Мөн банкны найдвартай байдал, эрсдэл даах чадварыг Монголбанк тогтмол хянаж байдаг. ББСБ-н найдвартай байдал, эрсдэл даах чадварыг Санхүүгийн Зохицуулах Хороо хянаж байдаг. Бонд, шинээр гаргаж буй хувьцаанууд ч мөн Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авдаг.
Татварын хувьд хадгаламжийн хүү, ббсб-н итгэлцлийн үйлчилгээний өгөөжөөс олсон орлогын 10 хувийг татварт төлдөг. Харин хөрөнгийн биржээр нээлттэй зарлагдан борлогдож буй бондын хувьд 5 хувийн татвар төлдөг. Засгийн газрын бондын өгөөжөөс татвар төлөхгүй гэх мэт татварын хувьд янз бүрийн зохицуулалттай байдаг.
Хадгаламжийн хүү ч гэсэн дотроо хоёр янз. Нийтэд зарласан энгийн нөхцөлтэй хадгаламж, болон тусгай нөхцөлтэй хүү тохирох хадгаламж байдаг. Өнөөдөр банкуудын энгийн нөхцөлтэй хадгаламжийн хүү жилийн 12-14 хувь байна. Харин та 50 саяас дээш дүнгээр хадгаламж нээх бол банктай хүү тохирон дээрх хүүн дээр жилийн 2-3 хувь нэмж тооцуулах боломж байдаг.
Шинээр гарч буй бондууд, ББСБ-н итгэлцлийн үйлчилгээнүүд ойролцоогоор жилийн 18-20 хувийн өгөөжтэй байна. Өгөөж гэдэг нь хадгаламжийн хүүтэй адилхан ойлголт.
Харин сүүлийн 1 жилийн хугацаанд МХБ-н ТОП-20 индекс 35%, MSE A индекс 29%, MSE B индекс 4.7% тус тус өссөн байна. Гэхдээ үүнийг хувьцаа бүрээр нь ялгаж харах, мөн жил жилээр харьцуулан харах шаардлагатай.
Тэгэхээр та эдгээр хадгаламж, хөрөнгө оруулалтын хэлбэрүүдэд өөрийн мөнгөн хөрөнгийг байрлуулбал жилд хэдэн төгрөгийн хүү, өгөөж авах боломжтойг нэгтгэн тооцсон хүснэгтийг хавсаргасан зургаас үзнэ үү. Жич: Хувьцааг оруулаагүй болно.

Жишээлбэл: 50 сая төгрөгийг хадгаламжид хийвэл 6 - 8.5 сая төгрөгийн хүү авах, бусад төрлийн хөрөнгө оруулалтаас 9 - 10 сая орчим төгрөгийн өгөөж хүртэх боломжтой байна. Татвар нь хөрөнгө оруулалтын хэлбэрээс хамааран өөр өөр байна.
Нөгөө талаас эрсдлийн дүгнэлтийг ч гасан та өөрөө гаргаж чаддаг байх хэрэгтэй. Тухайлбал банк бүрийн зохист харьцааны шалгуур үзүүлэлтийг банкны сайтаас харж болно. ББСБ-н хувьд тухайн байгууллагаас тодруулан асууж болно.
Ингэхдээ та тухайн банк, санхүүгийн байгууллагын ашиг, зээлийн чанар, төлбөр гүйцэтгэх чадвар зэрэг үзүүлэлтийг голчлон хараарай.
Мөн Монголбанкнаас тавьсан шалгуур, СЗХ-ноос тавьж буй шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг нь асууж байж хөрөнгө оруулалтаа хийгээрэй.
Та бүх банкны хадгаламжийн хүү, нөхцөлийг харьцуулж, тооцоолол хийж үзэхийг хүсвэл энд дарна уу.
Тусгай нөхцөлтэй хадгаламж, хөрөнгө оруулалтын саналууд хүлээн авахыг хүсвэл энд дарна уу.
Өрхийн санхүүгийн сургалтыг байгууллага, хамт олноороо захиалахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Мөнгө, хөрөнгөө өсгөе!
