Зээлийн гэрээгээ хурдан байгуулахыг хүсч байвал дараах зөвлөмжийг ашиглаарай
Хүн бүхэн зээлээ аль л болох хурдан бүтээж, авахыг хичээдэг. Хурдхан шиг мөнгөө л авч байвал бусад нь нэг их хамаагүй асуудал болсон байдаг.
Тиймдээ ч зээл нь батлагдсан хүмүүс банкин дээр зээлийн гэрээгээ байгуулах үедээ их л яарсан байдалтай байдаг. Банкны ажилтан ч мөн адил хэрээрээ л хурдан ажилладаг боловч баахан тоо компьютерт оруулж оруулж эцэст нь зээлийн гэрээ гэж бас баахан зүйл хэвлэдэг.
Аль аль нь яарсан хүмүүс хаана гарын үсэг зурахаа заалгаж аваад нүдэн балай гарын үсгээ баахан газар зурж аваад гэрээгээ батлуулдаг.
Гэвч бушуу туулай борвиндоо баастай гэгчээр яарсны хэрээр цаг хугацаа хожих биш харин ч бүр дахин дахин буцаж, бөөн ажил болох ч тохиолдол байдаг.
Иймд зээлийн гэрээ байгуулахдаа юу юуг анхаарах ёстойг товч тайлбарлая.
Гэрээгээ байгуулахаар банкинд очихдоо юу юу авч очих ёстой вэ?
- Иргэний үнэмлэх
- Барьцаанд тавих гэж буй хөрөнгүүдийн гэрчилгээ. (Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, тэтгэврийн дэвтэр гэх мэт)
- Барьцаанд тавьж буй хөрөнгийг хамтран эзэмшигчидээ дагуулж очих
- Мөн хамтран зээлдэгч буюу батлан даагч өөрийн биеээр очих.
- Хамт очиж буй хүмүүс нь мөн бүгд иргэний үнэмлэхтэйгээ очих хэрэгтэй
Зээлийн гэрээний аль нэг заалтыг хоосон орхиод сүүлд нь нөхөж бичдэггүй тул ямар нэгэн бичиг баримт дутуу бол буцаад л явах болно.
За тэгээд шаардлагатай бүх бичиг баримтаа аваад, хамт гарын үсэг зурах хүмүүс нь байгаа бол доорх гурван хэсэг бичиг баримтан дээр гарын үсэг зурах болдог. Үүнд:
- Зээлийн гэрээ
- Барьцааны гэрээ
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарь
Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь хоёрт хүү, зээл төлөх өдрүүд, сар бүр төлөх зээлийн хэмжээ, зээл төлж дуусах хугацаа зэрэг бичигдсэн байдаг тул үүнийг тулгаад харчих хэрэгтэй. Доорх зурагт жишээ болгон хаана хаана бичигдсэн байдгийг нь харуулав.
Ялангуяа сар бүрийн хэдний өдөр төлөхөө сайтар бодож “Эргэн төлөлтийн хуваарь”-т оруулаарай. Зарим хүмүүс сар бүрийн 30-нд цалин буудаг тул энэ өдөр зээлээ төлье гээд оруулчихдаг. Үүнээсээ болж сар бүрийн эцсийн өдөр банк орж зээл төлөх гэдэг тулгуу ажилтай болдог. Мөн сарын сүүлийн өдөр хүмүүс зээлээ амжиж төлөх гээд банкин дээр ч их оочер үүсдэг тул та ч гэсэн урт дараалалд зогсож бухимдахыг хүсэхгүй нь мэдээж. Иймээс аль болох дараа сарын эхний өдрүүдэд нь зээлээ төлөхөөр хуваариа зохиолгох хэрэгтэй.
За тэгээд бүх л тооцоог компьютерээр хийгээд хэвлээд гаргачихаж байгаа тул тооцооллын хувьд харьцангуй гайгүй байдаг.
Харин барьцааны гэрээний хувьд нэлээд сайн анхаарах хэрэгтэй. Ямар ямар хөрөнгүүдийг барьцаанд тавьж байгаагаа нэгд харах. Хоёрдугаарт хэрэв автомашин эсвэл үл хөдлөх хөрөнгө барьцаалж буй тохиолдолд мэдээллүүд нь зөв бичигдсэн эсэхийг заавал нягтлан шалгаарай.
Учир нь эдгээр хөрөнгийг барьцаалсан тохиолдолд нотариатаар бүртгүүлэх эсвэл УБЕГ, газрын албанд очиж барьцааны гэрээгээ давхар бүртгүүлдэг тул буруу эсвэл дутуу бичсэн гэрээ бариад очвол буцаагддаг. Энэ үед хүмүүс их бухимддаг бөгөөд буцаад банк дээрээ очиж засвараа хийлгэж аваад дахин бүртгэлийн газар луу явах гэх мэтээр ажил болдог. Гол нь хугацаа алддаг.
Иймд дахин дахин ажил болохгүйн барьцааны гэрээн дээр бичигдсэн мэдээллийг сайтар шалгаарай.
Бид дараагийн нийтлэлээр та бүхэнд зээлийн өргөдөл бөглөхөд юуг анхаарах талаар зөвлөх болно.
Танд амжилт хүсье!