Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна: Миний амьдралд нөлөөлсөн хүмүүс
Миний амьдралд нөлөөлсөн хүмүүс
“Жинхэнэ амьдрал ямар хүнтэй уулзаж учирсанаас эхэлдэг” гэж хэлсэн хүн бол “Би болон чи” номын зохиогч Мартин Пубе. Ямар хүнтэй уулзаж учирсанаас хүний амьдрал, түүний чиг шугам яаж ч өөрчлөгдөж болно гэдэгт итгэдэг учраас би түүний хэлсэнтэй бүрэн санал нийлж байна.
Ялангуяа амьдралынхаа утга учрыг хэзээ хэзээнээс илүүгээр эрэлхийлэх идэр залуу насандаа ямар хүнтэй учрах вэ гэдэг маш чухал.
Идэр залуу насанд учирсан хүн ирээдүйн амьдралд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.
Хүндлэн биширдэг хүнийхээ санаа бодлыг бид даган дуурайх гэдэг. Түүнийхээ илрэл болгож аль болох нүдэнд ойр тусах газар ширээнийхээ дээр ч юм уу хананд тэр хүнийхээ зургийг байрлуулдаг. Амьдралын үнэ цэнийг сэтгэл зүрхээрээ хайрлан биширч явдаг ухаантны үзэл санааг дагах гэж мэрийдэг хүний ирээдүй нь мөнхийн зул адил саруулхан биш гэж үү?
Сайн сайхан амьдрахын тулд сайн хүнтэй учрах ёстой гэдгийн учир үүнд л байгаа юм.
Сайн муу санаатай, эсвэл бусдаас илүү товойсон хийгээд сүүл барьсан хүн болох нь эцсийн эцэст залуу насандаа ямар хүнтэй учран ямар нөлөө хүртсэнээс ихээхэн шалтгаалдгийг залуучууд сэтгэл зүрхэндээ шингэтэл ойлговол сайнсан.
Би өдий хүртэл өч төчнөөн хүнтэй уулзаж учирч ирсэн. Тэдний дунд сайн сайхан хүн ч байсан мөн төдийлөн уулзмааргүй хүн ч бас байлаа. Бусдын нэгэн адил одоогийн Ким Ү Жүн болтлоо би учир утгатай олон уулзалтын үр шимийг хүртсэн хүн. Тэр дундаас онцгойлон дурсаж явахыг хүсдэг хэдэн хүн бий. Намайг өдий зэрэгт хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн тэр хүмүүсийг дурсан тэмдэглэмээр байна.
Миний ээж үнэхээр гайхалтай мундаг хүн байсан юм. Идэж уух юмаар ховор амьдралын тэр хүнд бэрх үеийг сөрөн туулж ээж минь ах дүү бид тавыг дээд сургууль төгсгөсөн. Ээжийн минь амьдрал нэг ёсондоо үр хүүхдүүдийнхээ төлөө амь биеэ огоорон хохирсон амьдрал байсан юм.
Залуу насандаа үерхэж дассан дотны найз бол үнэ цэнэтэй, эрхэм юм. Найз нөхөдтэй байна гэдэг сайн хэрэг. Багынх тусам бүр ч сайн. Хэнд ч хэлдэггүй сэтгэлийнхээ үгийг ний нуугүй хэлдэг тэр хүн найз чинь мөн. Би олон сайхан найз нөхөдтэй журмын харьцаатай бөгөөд бид биедээ тусалцгааж ирсэн.
Генгигийн сургуулийн ахлах ангид хамт суралцагсад, бидний өмнөх болон дараах төгсөлтийнхөн намайг энэ ажлаа эхлүүлэхэд өөрсдийн юм шиг оролцож тусалсанд одоо хэр би баярлаж явдаг.
Миний амьдралд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хүний тоонд И Сек Хви багш гарцаагүй орно. Өөрт минь байсан бололцоо, авьяас чадварыг ойлгуулж албан ёсоор үнэлж өгсөн анхны хүн бол энэ багш. Багш минь намайг үнэлсэний хариуд мэрийж, өөрийгөө өөрчлөн өөд татав.
Хүн ер нь өөрийг нь ойлгож үнэлсэн хүний урмыг хугалахыг хүсдэггүйг багш, эцэг эхчүүд санаж яваасай гэмээр байна.
Хэдийд, хэнтэй, хэрхэн учран золгох вэ гэдэг чухал. Бас яаж өөрчлөгдөж ямаршуу амьдарч явна вэ гэдэг мөн чухал шүү. Залуудаа хэнтэй учран золгохоос тэр хүний насан туршийн амьдрал шалтгаалдаг тал бий.
Залуучууд ямар хүнийг хүндэлж байна вэ гэдэг их чухал. Заавал уулзах хэрэгтэй, тэдний нөлөөг нь хүртэж дуурайн дагавал зохилтой хүмүүс их бий.
Аль болохоор сайн хүмүүстэй их уулзаж учирч явцгаахыг залуучуудад хүсье.