​Бизнес эрхэлдэг хүмүүс хэрхэн 8%-ийн орон сууцны зээл авах вэ?

  • 2020 / 08 / 06

Хүн бүр л хамгийн бага хувийн хүүтэй байгаа орон сууцны зээлд хамрагдах гэж хамаг л боломж бололцоогоо хайж яаж шуухан шиг хамрагдах вэ хэмээн толгойгоо гашилгаж байгаа энэ үед бизнес эрхлэгчдийг ч энэ бодол тойроогүй нь лавтай.


Уншигчдын зүгээс ирүүлж буй асуултын нэлээд хэсгийг “Хувиараа бизнес эрхлэдэг иргэд 8%-ийн орон сууцны зээлд хэрхэн хамрагдах вэ?” гэсэн асуулт эзэлж байна.

Бизнес эрхлэгчдийн хувьд зээл авах хамгийн гол баталгаа нь тэдний “бизнесийн орлого” байдаг. Бизнес эрхлэгч та хэрхэн өөрийн бизнесээ үйл ажиллагаа болон орлогоо үнэн зөв нотолж чадна төдий чинээ уг зээлэнд хамрагдах боломж өндөр болноо гэсэн үг.

Зээл авахын тулд бизнес эрхлэгчид бизнес эрхэлсэн туршлагатай, тэр нь цаашид тогтвортой үргэлжлэх бөгөөд олсон ашгаараа зээлээ төлөх боломжтой гэдгийг банкинд нотлохын тулд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх талаар дараах зөвлөмжийг өгч байна.

БИЗНЕСИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН БҮРТГЭЛ

Орлогоо баталгаажуул

Үүний тулд орлого олсон тухай бүрдээ түүнийгээ хар дэвтэртээ хөтөлж бай. Хэрэв тогтмол орлого олдог бол өдөр бүр, харин тогтмол бус үе үе олдог бол тухай бүрт олсон орлогоо өөрийн хар дэвтэртээ тэмдэглэж бай. Хэрэв орлогоо банкин дах дансандаа хуримтуулдаг бол бүр ч асуудалгүй байх болно. Үүнийг л ашиглан банкны зээлийн мэргэжилтэн таны сарын, жилийн орлогыг тооцон гаргадаг.

Зардлаа бүртгэ

Та өөрийн бизнестэй холбоотой гарсан бүхий л зардлаа гарсан тухай бүрт нь баримтжуулан бүртгэж хөтлөх хэрэгтэй. Ингэж хөтөлснөөр таны бизнес сард, улиралд, жилд ямар хэмжээний зардалтай байдгийг харуулна.

Татан авалтаа бүртгэ

Та бизнестээ шаардлагатай бараа, материалыг хэзээ авна тэр бүртээ бүртгэлээ хөтөлж байх хэрэгтэй.

Барааны материалын үлдэгдэлээ бүртгэ

Тодорхой давтамжтайгаар бараа, материалын үлдэгдлээ тоолон бүртгэснээр нэгд та өөрийн бизнестээ хяналт тавих боломжтой болдог бол харин банкны зээлийн ажилтан үүнийг тань ашиглан таныг хэдий хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй буюу хэр том эргэж байгааг чинь тооцоолж тэр чинээгээрээ итгэх итгэл нь нэмэгддэг.

Авлага, өглөгөө заавал бүртгэж бай

АЖЛЫН БАЙР /өөрийн байрны гэрчилгээ эсвэл түрээсийн гэрээ гэх мэт/

Та бизнесээ өөрийн эзэмшлийн ажлын байранд явуулдаг бол түүнийг нотлох бичиг баримт буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаардлагатай. Хэрвээ түрээсийн байранд явуулдаг бол сүүлийн 1-2 жилийн хугацаанд байгуулсан түрээсийн гэрээнүүд тань хэрэг болно. Эдгээрийг банк нь таны бизнесийг тогтвортой явагддаг, цаашид үргэлжлүүлэн явагадах боломжтой эсэхийг тодорхойлохын тулд шалгаж баталгаажуулж авдаг.

БИЗНЕСТ ШААРДЛАГАТАЙ БУСАД БИЧИГ БАРИМТ /тусгай зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлт, татвар төлсөн баримт/

Таны эрхлэж буй бизнест ажлын байрны дүгнэлт, тусгай зөвшөөрөл лиценз шаардагддаг бол түүний хугацаа нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай хугацаанд нь сунгуулаарай. Мөн өөрийн бизнесээс татвар төлдөг бол түүнийхээ баримтыг хадгалж татварын дэвтэрт бичилт хийлгэн татварын ажилтанаар баталгаажуулж байх хэрэгтэй. Банк эдгээр бичиг баримтуудыг шалгасны үндсэн дээр таны бизнес гадны ямар нэг шалтгаанаар зогсох, хаагдах эрсдэлгүй, хэвийн үргэлжлэх боломжтой гэж дүгнэдэг.

Ингээд дээрх зөвлөмжийн дагуу бүртгэл хөтөлж, баримтуудыг бэлдвэл таны зүгээс зээл хөөцөлдөхөд өөрийн бизнесийн орлого болон бизнесээ эрсдэлгүй цаашид үргэлжүүлэн эрхлэх, өөрийн бизнесийн ашгаар орон сууцны зээлийг төлөх боломжтой гэдгийг банкны ажилтанд нотлоход хялбар байх болно.

Танд амжилт хүсье!

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

БАНКУУДЫН ХҮҮГ ТООЦОХ

Сурталчилгаа