Залуучууд мөнгөтэй харьцах үедээ гаргадаг 30 алдаа – Жишээ 1: Мелисса
Дөнгөж хорин хэдэн настай залуучууд өөрийн мөнгө, санхүүгийн талаар төдийлөн бодоод байдаггүй. Тэд долоо хоногийн турш мөнгөгүй байсан ч Баасан ахын төрсөн өдрийг бол яаж ийгээд л тэмдэглэдэг.
Гэвч чи одооноос мөнгө, санхүүгээ зөв зохицуулж эхлэхгүй бол нэг л мэдэхэд 30 хүрчихсэн санхүүгийн асуудалтай болчихсон үедээ алдаа гаргаснаа ухаарах болно. Зээлийн зөвлөгөө, мэдээллийн чиглэлээр ажилладаг Bankrate.com сайт яг ийм асуудалд орж байсан 30 хүнтэй ярилцлага хийсэн. Та бүхэн тэдний санхүүгийн амьдралдаа гаргасан алдаанаас зайлсхийхийн тулд энэхүү цуврал нийтлэлүүдийг уншина уу.
Мелисса, 32 настай, хөрөнгө оруулалтын ахлах мэргэжилтэн
Коллежоо төгсөөд дөнгөж ажилд оронгуутаа тэрээр өөрийн хийж буй ажил, албан тушаал, ирээдүйгээ бодоод шинэ машин, аятайхан хувьцас авах тухай бодож эхэлсэн байна.
Мелисса тухайн үед хүссэн машинаа зээлээр авч, сарын төлбөрөө ч асуудалгүй төлөх боломжтой байжээ. Тэр шинэ машин авсан бөгөөд харин машины лизингээ 5 жилээр биш төлөх хүүгийн хэмжээгээ нэмэгдүүлэн 6 жил төлөхөөр тооцож авсан байна.
Мөн шоппинг хийх дуртай дэлгүүрээсээ зээлийн карт авч шинэ хувцас авах нь зүйтэй гэж шийдсэн байна. Худалдан авалт бүрт нь хөнгөлөлт үзүүлж байсан тул татгалзаад байх шаардлага үнэндээ байсангүй. Гэвч тэр энэхүү зээлийн картын хүү маш өндөр байсныг мэдээгүй бөгөөд зээлээ багаар төлж, үргэлж картандаа зээлтэй явдаг байжээ.
Үр дүнд нь хэдхэн жилийн дотор 20,000 долларын зээлтэй болсон бөгөөд сар бүрийн зээлийн төлөлтөө зохицуулах ядаргаатай ажилтай болж хувирсан байна. Мелисса тэр үеийнхээ талаар “Би хэн нэгнийг дуурайн дааж давшгүй зээл тавих хэрэггүй, зөвхөн өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгосон” хэмээн дурссан байна.
Аз болоход тэр хүнд үед картын зээлүүдээ нэгтгэж, машины зээлийнхээ төлөх хуваарийг өөрчлүүлж мөн дээрээс нь аав ээжээсээ дэмжлэг авсны хүчинд хуримтлагдаад байсан зээлээ 2 жилийн дотор төлж дуусгасан байна.
Зөвлөмж 1. Үнэ буулгаж сурах хэрэгтэй
Залуучууд санхүүгийн томоохон шийдвэр гаргах үедээ тун хашир хандах ёстойг Мелиссагийн намтар харуулж байна.
Мөн энэ талаар AKT Wealth Advisor компанийн зөвлөх Вебстер хэлэхдээ “Ялангуяа машин авах гэж байгаа бол заавал шинэ машин авах гээд байх шаардлагагүй бөгөөд харин үнийг нь заавал ч үгүй ярих хэрэгтэй” гэж зөвлөсөн байна.
Вебстерийн зөвлөж буйгаар автомашины дилерүүдээс сайн үнэлгээ авсан хуучин машин авах нь шинэ машин авснаар хамаагүй дээр юм. Учир нь шинэ машин худалдан аваад унаад эхэлсэн л бол үнэ нь нэлээд хэмжээгээр уначихсан байдаг билээ.
Мөн тэрбээр ялангуяа хорин хэдэн настай залуучуудад хандан томоохон дүнтэй худалдан авалт хийхдээ тайван хандах ёстой талаар зөвлөж байнха. Хэрвээ машин авах гэж байгаа бол зарж буй хүнээс нь янз бүрийн асуултууд дахин дахин асуух, хэд хэдэн удаа орхин явж өөр машин сонирхох зэргээс огт санаа зовох хэрэггүй. Харин яг шийдвэрээ гаргахаар болбол зүгээр л хоёр хоног хүлээ. Тэгээд очоод харахад нөгөө машин чинь байж л байна. Эсвэл яг адилхан машин байж л байх болно.
“Хэрэв зарж байгаа хүн нь сонирхоод байгаа машиныг чинь маргааш гэхэд зарагдчихсан л байх боловуу даа гэж хэлж байсан ч тоох хэрэггүй. Ингэж хэллээ гээд ямар нэгэн болчимгүй үйлдэл хийх шаардлагагүй” хэмээн Вебстер зөвлөсөн байна.
Зөвлөмж 2. Юутай хутгалдаж байгаагаа сайн ойлго
Хэрвээ чи шинээр зээлийн карт авах гэж байгаа бол тухайн банк эсвэл компани руу нь залгаад зээлийн гэрээний нөхцлүүдийг нэгбүрчлэн асуух хэрэгтэй. Ялангуяа хүүгийн хэмжээ, ямар үед хүү нь хамгийн өндрөөр тооцогддог зэргийг мэдэх нь зүйтэй. Хүү нь бага байгаа тохиолдолд жилийн хураамж нь ч өндөр байж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Мелиссагийн намтараас харахад залуучууд мөнгөө ухаалаг зарцуулж, зээл санхүүтэй холбоотой аливаа шийдвэрийг тун хянуур гаргаж сурах шаардлагатай ажээ.
Том том дүнтэй зээл, төлбөрийн нэхэмжлэхүүдгүй амьдарч чадаж байвал та тэр хэрээрээ ухаалаг, хянуур байгаагийн илрэл юм.