​Банк хадгаламжийн хүүгээ хэрхэн тооцдог вэ?

  • 2014 / 04 / 24

Хадгаламжийн хүүг хэрхэн бодох вэ?

Хадгаламжийн хүүг энгийн болон нийлмэл хүү гэсэн 2 хэлбэрээр банкууд тооцон олгодог. Энгийн хүүг хугацааны эцэст болон жил бүрийн эцэст үндсэн дүнгээс ижил хэмжээгээр боддог бол нийлмэл хүүг үндсэн дүн, өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн дүнгийн нийлбэрээс бодно.

Ингээд энгийн болон нийлмэл хүүг хэрхэн бодох талаар жишээ авч тайлбарлая.

  • 1.Энгийн хүүний арга

Энгийн хүүг дараах аргачлалаар боддог.

Хадгаламжийн Хүүний орлого=Үндсэн дүн*Зарласан хүүгийн хувь*Хугацаа/365

(Хүү бодох хоног нь 365 хоног байна.)

Жишээ1: Иргэн Бат 500,000 төгрөгийг жилийн 15,6%-ийн хүүтэй хадгалуулсан бол 1 жилийн хүү нь:

Хадгаламжийн хүүний орлого=500,000*15,6%*365/365= 78,000 төгрөг байна.

Жишээ2: Иргэн Бат нь дээрхи мөнгөн хадгаламжаа банкинд 16 сарын хугацаатай (486 хоног) хадгалуулсан гэвэл хугацааны эцэст анх хадгалуулсан үндсэн дүн нь хүүгийн хамт хэд болсныг одоо тооцон харцгаая.Үүний тулд дараах томъёогоор бодно.

Хадгаламжийн хүүний орлого =Үндсэн дүн*Зарласан хүүгийн хувь*Хугацаа/365

Хадгаламжийн хүү = 500,000*15.6%*486/365 = 103,858 төгрөг байна.

Батын 500,000 төгрөгийн 16 сарын дараах хадгалуулсан мөнгөний хүү нь 103,858 төгрөг болох юм.

2. Нийлмэл хүүний арга

Нийлмэл хүүг дараах аргачлалаар тооцно.

Хадгаламжийн хүүны орлого =Үндсэн дүн*(1+ Зарласан хүүгийн хувь*Хугацаа1/365)*(1+ Зарласан хүүгийн хувь*Хугацаа2/365)*…*(1+ Зарласан хүүгийн хувь*Хугацааt/365) - Үндсэн дүн

Жишээ: 2014 оны 4 дүгээр сар 24-ны өдөр 800,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, хүүгээ нийлмэл хүүгээр бодохоор тохиролцон хадгалуулсан бол хадгаламжийн 3 сарын дараах хадгаламжийн хүүг тооцоцгооё.

Хадгаламжийн хүүгийн орлого=800,000*(1+16%*30/365)*(1+16%*30/365)*(1+16%*30/365)-800,000=31,978.52 төгрөг байна.

Хүү бодох суурь хоног нь 365 хоног байна. Нийлмэл хүүг бодохдоо хугацааны хэмжүүрээр жилийг авах бөгөөд хэрэв жилээс бага хугацаатай бол хуанлын хоногийг 365-д хувааж тооцно.

Хугацааны эцэст 800,000 төгрөгийн 3 сарын дараа хүүний орлого нь 31,978.52 төгрөг болж байна. Энэ жишээг энгийн хүүгийн аргаар бодоход хүүгийн орлого нь 31,561.64 төг болно

Эндээс харахад хадгаламжийн хүүг бодох дээрх 2 аргачлалаар тооцоход нийлмэл хүүгийн аргаар бодох нь илүү их хүүгийн орлого олох боломжтой юм байна. Гэхдээ хамгийн гол нь та хадгаламжийн хүүгээ сайн судлах хэрэгтэй. 

http://www.mongo.mn/calculator/saving тооцоолуурыг ашиглан ямар хугацаанд хэдийн хэмжээний хадгаламжтай болохын тулд ямар хэмжээний мөнгийг сар хадгалуулах ёстойг тооцоолж болно.

mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа