Гадаадад ажилладаг, Монголдоо орон сууцтай хүнд банк зээл олгох уу?
АСУУЛТ 5:
Сайн байна уу? та бүхэнд амжилт хүсье. би өвөрхангай аймагт орон сууцтай.Тэгээд улаан үүдэд ажиллаж байгаа. Энэ байраа барьцаалаад надад Улаанбаатарт зээл олдохуу. Аль эсвэл байраа зараад урьдчилгаа 40 хувийг төлөөд байрны зээлд хамрагдах гэвэл нийгмийн даатгал заавал төлсөн байх шаардлагатай юу. Та бүхэнд асуултанд минь хариулж туслаач
ХАРИУЛТ 5:
Сайн байна уу?
Таны асуултыг тоймловол:
- Зээл авахад нийгмийн даатгал заавал төлсөн байх шаардлагатай юу?
- Байраа барьцаалаад зээл авах боломжтой юу?
- Эсвэл орон сууцны зээл авах боломжтой юу? Гэсэн гурван асуулт болж байна.
Зээл авахад нийгмийн даатгал заавал төлсөн байх шаардлагатай юу?
Банк хүнд мөнгө зээлдэхдээ энэ хүн буцаагаад төлж чадах уу? гэдгийг хамгийн түрүүнд хардаг. Тэгэхээр танд хамгийн эхэнд тулгарах асуудал бол өөрийн орлогоо нотлох явдал юм.
Гадаадад ажилладаг иргэдийн орлогыг банк ихэвчлэн Монголд амьдардаг аав, ээж, ах дүүгийн нэр нэр дээр илгээж байгаа, эсвэл Монголын банкин дахь данс руу хийж байгаа мөнгөний баримтыг үндэслэн тогтоодог. Хэрвээ та Монгол руу ямар нэг байдлаар тогтмол мөнгө илгээж байсан, илгээсэн мөнгөний баримтаа хадгалж байгаа эсвэл дансны хуулгаа баталгаажуулан үзүүлэх боломжтой бол орлогоо нотлож чадна гэсэн үг. Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол зээл хөөцөлдөх ямар ч боломжгүй. Нэгэнт Монгол руу илгээж байгаа мөнгөөр орлогыг тооцож байгаа тул нийгмийн даатгал төлсөн байх эсэх нь таны орлогыг тодорхойлоход хамааралгүй юм.
Байраа барьцаалаад зээл авах боломжтой юу?
Гадаадад оршин сууж байгаа хүнд байраа барьцаалж богино хугацаагаар зээлийг өгдөг банк одоогоор байхгүй байна.
Орон сууцны зээл авах боломжтой юу?
Харин гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүн орон сууцны зээлэнд хамрагдах хүсэлтэй байгаа бол доорх хоёр боломж байдаг юм байна.
- Гадаадад амьдарч буй хүн өөрийн нэр дээр шууд зээл авах
- Монголд ажиллаж амьдарч буй хэн нэгэн гэр бүлийн хүнийхээ нэр дээр зээл авч өөрөө хамтран зээлдэгч нь болох
Энэ талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энд дарна уу.
АСУУЛТ 6:
Сайн байна уу манай байрыг хүн лизиндэж авч байгаа юм.Тэгээд гэрчилгээгээ аваад дүүргийнхээ үл хөдлөхөд өгнө гэсэн хэд хонодог юм бол. үл хөдлөх өдөрт нь шийддэггүү
ХАРИУЛТ 6:
Байраа зарах гэж байгаа хүн байрны гэрчилгээгээ авах хүний нэр дээр шилжүүлсний дараа мөнгөө авч чадах уу гэж эргэлздэг. Авах хүндээ эргэлзэж байгаа бол банкуудад шимтгэл төлөөд, эскроу данс гэдэг үйлчилгээг ашиглаж болно. Мөнгөө авч чадна гэдэгт итгэлтэй байгаа бол дүүргийн үл хөдлөхөд ажлын 1-2 долоо хоногт багтааж гэрчилгээг шилжүүлдэг. Бүртгэлийн хураамж 20,000 төгрөг ба яаралтай бол 2 дахин нэмэгдэнэ. Мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 2% төлөх ёстой болно.
МӨНГӨ.МН