​​Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс

  • 2014 / 05 / 01

Эхнэр бид 2 байртай болохоор төлөвлөж, байрны зээл авахын тулд нилээд эртнээс урьдчилгаа мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Оны дараахан урьдчилгаа бараг бүрдсэн тул байр идэвхитэй хайж эхэллээ. Банкуудыг судалж, юу бүрдүүлэхээ ч асуулаа. Бүгд л урьдчилгаатай бол байраа олоод, хүрээд ирээрэй, манайх шуурхай л гэцгээж байв. Иймэрхүү найрсаг үгс, боловсон харьцааг сонсоод байртай болох амархан мэт санагдаж байв. Гэвч нилээд олон даваа туулж, зарим уулын бэлд оройг нь ширтэн санаашрах үе ч байсан. Хэдэн уулыг хэрхэн давснаа та бүхэнд дараалан хүргэхээр зорин, энэ удаа байр олохтой холбоотой гарсан бэрхшээлийн талаар олж мэдсэн зүйлээ өгүүлье.
Байр авах шийдвэр нь манай гэр бүлийн хувьд нилээд их хөрөнгө шаардсан ажил тул байрны эрлийг байж болох өргөн цар хүрээтэй хийж, хамгийн зөв байраа сонгох зорилт тавьж, “Барбарос” төлөвлөгөө зохиолоо. Зарын сонин Лхагва, Пүрэв гаригуудад хэвлэгддэг гэж дуулсан тул энэ өдрүүдэд сонин худалдан авч, зарын дагуу утасдах ажлыг би дааж авлаа. Эхнэр бизнесээ түр завсарлаж, интернэтээр зар хайх, зарын дагуу утасдах, үл хөдлөх зуучийн компаниудтай уулзахаар шийдэв. Бүх болзоогоо ажил тарснаас хойш буюу 18.00 цагаас хойш товлож, зарах байрыг хамтдаа явж үзэхээр шийдлээ.
Эхний зарын дагуу ярьтал

  • мөнгө тань бэлэн бол тэдэд ав
  • банкны лизингээр
  • ммм. Тэр ч хэцүү дээ, хүмүүс тэгж хэлээд алга болчихдог юм. Яахав 10 саяыг нэмээд ав л даа

Гээд урд маань уул байгааг олж мэдлээ. Орой гэртээ иртэл эхнэр маань нилээд мэдээлэл цуглуулжээ. Надтай адил урд нь уул байгааг, байх байхдаа нилээд том уул байгааг, тэр уулын цаана бас давах ёстой нилээд хэдэн уул байж магадгүйг олж мэдсэнээ илтгэв. Ингээд бид 2 бэлэн мөнгөгүй бол хүссэн байраа, хүссэн үнээрээ авч чадахгүй нь тодорхой боллоо. Гэвч шантарсангүй энэ эрлээ хэд хоног үргэлжлүүлээд бэлэн дараах нөхцөл байдал байгааг олж мэдэв.

  • Бэлэн мөнгөтэй хүмүүс мөнгөндөө таарсан байраа үзээд, үнэ тохиролцон буулгаж чаддаг
  • Бид 2-ийн хувьд зээлээр байр авах тул байраа олох, олсон байрны эзэн бусдад байраа бэлэн мөнгөөр авъя гэсэн ч зарахгүй хүн байх, бид 2-ийн зээл бүттэл хүлээх тэвчээртэй, зээл бүтэхгүй бол уурлаж уцаарлахгүй хүн байх хэрэгтэй байлаа. Нэг үгээр хэлбэл бурхан, эсвэл ээж, ааваасаа л авахаар юм байна.
  • Хамгийн хялбар бөгөөд баталгаатай арга зам нь зуучлалын компанид хандах юм байна. Даанч зуучлалын компаниар дамжуулбал хямд байр олох магадлал бага. Таалагдсан байраа олтол нилээд хүлээх шаардлагатай болдог.
  • Өөрсдөө байр хайхад хямд байр олох магадлалтай. Гэхдээ баталгаагүй байртай таарах, бичиг баримт бүрдүүлэх, хөөцөлдөхөд их ажил шаарддаг.

Харин бид 2 бэлэн мөнгөгүй зээлээр байр авах гэж байгаа тул дээрх нөхцлийг үндэслэн 2 шийдвэр гаргалаа.

  • Зуучлалын компанид хандах нь бидэнд тохирохгүй тул ээлжийн амралтаа авч байраа хөөцөлдөх
  • Зээлээр байр зарах хүмүүс бид 2-ийн зээл бүтнэ гэдэгт итгэхгүй, биднээс урьдчилгаагаа эхлээд өгчихвөл зээл бүтэхийг хүлээе, зээл бүтэхгүй бол урьдчилгаанаас суутгана гээд байсан тул банктай уулзаж, хэдэн төгрөгийн зээл олдох боломжтойг эхлээд тодруулах
  • Банкыг урьдчилгаагаа банкинд байршуулалгүй, байрны эзний дансанд шууд хийхийг зөвшөөрүүлэхээр шийдлээ.

Маргааш өглөө эртлэн босч, банкуудад нөхцөл байдлаа тайлбарлан уулзаж эхэллээ. Хачирхалтай нь нилээд учирласны эцэст уулзсан бараг бүх банк миний хүсэлтийг 100% зөвшөөрлөө.

Миний хүсэлт:

  • Надад хэдэн төгрөгийн зээл олдохыг урьдчилан хэлж өгөх
  • Урьдчилгаагаа байрны эзний дансанд хийх

Банкны шийдэл: 

  • Та байраа олоогүй ч материалаа манайд өгвөл хэдэн төгрөгийн зээл олдохыг хэлж болно.
  • Байрны эзний дансыг манайд нээлгээд, түүний дансанд зээл бүтэхгүй үед суутган гэсэн мөнгийг хийгээд, үлдсэн мөнгөө өөрийн дансанд хийвэл манайх урьдчилгаагаа банкинд байршуулсанд тооцно. Зарим банкууд байрны эзэн, бид 2-ын дундын данс буюу тэдний хэлснээр “Эскоу данс” нээхийг зөвлөсөн.

Миний шийдвэр:

  • Бараг бүх банк миний хүсэлтийг зөвшөөрсөн, бүх банкны нөхцөл адил тул өөрийн цалин авдаг банк, харьцуулах үүднээс бас 1 банкинд материалаа өгөх

Дүгнэлт:

  1. Эхлээд банкаа сонгоод өөрт олдох зээлийн хэмжээгээ мэдсэний дараа байраа хай.
  2. Банкнаас хэд хоногт зээл гаргахыг баталгаажуулж ав
  3. Байрны эзэн урьдчилгаа шаардвал банкны дансанд нь хий. Энэ тухайгаа банкандаа мэдэгдэж зөвшөөрөх эсэхийг асуу

Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд

Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь  

Зээлээр байртай болсон түүх-4: Орлогоо баталгаажуулж сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-5: Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын албан татварыг хэн төлөх ёстой вэ?-ийг уншина уу.

Mongo.mn - Банкны үйлчилгээг нэг дороос

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа