​Зээлээр байртай болсон түүх - 1: Тооцоолоогүй зардлууд

  • 2014 / 04 / 28

Эхнэр бид 2 байртай болохоор төлөвлөж, байрны зээл авахын тулд нилээд эртнээс урьдчилгаа мөнгөө цуглуулж эхэлсэн юм. Оны дараахан урьдчилгаа бараг бүрдсэн тул байраа олоод, банкнаас зээл авахаар хөөцөлдөж, банкинд материал бүрдүүлж өглөө.
Таны, танай гэр бүлийн насны мөрөөдөл болсон байрны зээл бүтсэн тухай банкнаас утасдах тэр мөч ямар байх талаар та төсөөлж байсан уу? Байрны зээл бүтлээ гэж утасдахад төрсөн үнэхээр сайхан мэдрэмжийг биеэрээ мэдэрсний хувьд танд ч бас тохиолдоосой гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний хувьд анх удаа өөрийн гэсэн байрандаа орох болсондоо туйлын баяртай байлаа. Харин зээл бүтсэний дараа ч багагүй мөнгө хэрэгтэй болдог гэдгийг мэддэггүй байснаасаа болж, байраа алдах шахсан юм.
Зээл бүтсэний дараа хаана дахин мөнгө хэрэгтэй болох вэ?
1. Зээлийн гэрээг нотариатоор батлуулах
2. Харьяа аймаг, дүүргийнхээ ЭХЭУБА /Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн албан/-д байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх
3. Зээлийн үйлчилгээний хураамж
4. Орон сууцны даатгал
5. Бусад жижиг зардал
Хэдэн төгрөг хэрэгтэй болсон вэ?
Би урьдчилгаа 30%-д 27 сая төгрөг өөрөө төлөөд, банкнаас 63 сая төгрөг зээлж, нийт 90 сая төгрөгөөр жижгэвтэр 2 өрөө байр авсан юм. Яг зээлээ авах хүртэл хүртэл миний тооцоогоор 960,000 төгрөг гарсан байдаг. Дор сийрүүлэв.
- Зээлийн гэрээг нотариатоор батлуулах
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7-р сарын 5-ны өдрийн 123 тоот тушаалын дагуу 25,0 саяаас 100,0 сая төгрөгийн зээлийн гэрээг батлах үйлчилгээний хураамжид 50,000 төгрөг байдаг гэсэн тул төлсөн.
- ЭХЭУБА-д байраа банкинд барьцаалснаа бүртгүүлэх
Би 63 сая төгрөг зээлсэн тул зээлийн дүнгийн 0,1% буюу 63,000 төгрөг барьцаалбарын үнэ 6,000 төгрөг төлсөн. Барьцаалбарын үнэ нь зээлийн дүнгээс хамаардаггүй, тогтмол юм байна.
- Зээлийн үйлчилгээний шимтгэл
7 хоногийн дараа гэрээгээ аваад, банкнаас зээл авах болоход зээлийн дүнгийн 0,5% буюу 315,000 төгрөг суутгасан.
- Орон сууцны даатгал
Орон сууцыг заавал даатгах ёстой байдаг гэсэн тул 2 төрлийн даатгал төлсөн. Эд хөрөнгийн даатгалд орон сууцны үнэ 90 сая төгрөгийн 0,3% буюу 270,000 төгрөг, гэнэтийн ослын зээлийн даатгалд дүн буюу 63 сая төгрөгийн 0,3% буюу 126,000 төгрөг нийт 396,000 төгрөг хураалгасан. Энэ мөнгийг зээлээ төлж дуустлаа жил бүр төлж байх ёстой гэж гэрээнд бичсэн байна лээ.
- Бусад жижиг зардал
Такси, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр хуулбарлах, байрны зээлтэй эсэх тухай лавлагаа авах гээд бусад жижиг, сажиг зардал ойролцоогоор 130,000 орчим төгрөг зарцуулсан.
Ингээд тооцож үзэхэд урьдчилгаа 27,0 сая төгрөгөөс гадна нийт 50,000+63,000+6000+315,000+396,000+130,000=960,000 төгрөг зарж байж, 2 өрөө байр авсандаа одоо ч баяртай байдаг. Одоо надад 20 жилийн турш сар бүр зээлэндээ 527,000 төгрөг, жил 1 удаа даатгалд 396,000 төгрөг төлөх ажил л үлдсэн. Та өөрийнхөө зээлийг энд тооцож болно
Үүнтэй харьцуулахад гэр бүлийн аз жаргал минь надад илүү үнэтэй билээ. Иймээс зээлээр байр авахаар зорьж байгаа бол урьдчилгаанаас гадна багагүй мөнгө хэрэгтэй болдог тул үүнийг эртнээс тооцож байх хэрэгтэй гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Миний алдааг бүү давтаасай, бусдад сургамж болоосой гэж бодсондоо үүнийг бичлээ.

Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс

Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь 

Зээлээр байртай болсон түүх-4: Орлогоо баталгаажуулж сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-5: Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын албан татварыг хэн төлөх ёстой вэ?-ийг уншина уу. 

mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа