1 жил хойшлуулбал 13 сая төгрөгийн хүү алдана
Өмнөх нийтлэлээрээ бид сар бүр 1 өдрийн цалингаа хураагаад байвал 100 – 200 сая төгрөгийн хуримтлалтай болох боломжтой талаар танилцуулсан билээ. Энэ нийтлэлийг уншсан хүмүүс “Их хэмжээний мөнгөн хуримтлалтай болохын тулд Хэзээнээс эхэлж өөртөө мөнгө хуримтлуулах нь зүйтэй вэ” гэсэн асуултыг ихээр ирүүлж байна. Иймд энэ талаар гадаадын санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөдөг, мөн манай орны хувьд яах нь илүү оновчтой буюу ашигтайг тооцож энэхүү нийтлэлээр хүргэж байна.
АНУ-ын CNN агентлагын Money вэб сайтад тавигдсан зөвлөгөөгөөр “хэрэв та сургуулиа төгсөж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн л бол аль болох хурдан өөртөө мөнгөн хуримтлал үүсгэх хэрэгтэй” гэж зөвлөсөн байна.
Жишээлбэл та 25 наснаасаа эхлэн тэтгэврийн хадгаламжиндаа жил бүр 3000 доллар 10 жилийн турш хийгээд цааш нь нэмж мөнгө хийлгүй орхисон гэж үзье. Таны хийсэн 30,000 доллар 65 нас хүрэхэд тань хүүгээрээ өсөөд 338,000 доллар болсон байх болно (жилийн хүүг 7%-иар тооцсон байна).
Арай өөрөөр бас тооцож үзжээ. Та 25 биш 35 наснаасаа эхлэн 10 биш 30 жилийн хугацаанд жил бүр 3000 доллар хадгаламжиндаа хийсэн гэж үзье. 65 нас хүрэх үедээ та нийт 90,000 доллар цааш нь хийх болно. Харин таны хадгаламж хүүгийнхээ хамт 303,000 доллар болох нь байна. Их том зөрүү байгаа биз гэж зөвлөсөн байна. (Эх сурвалж)
Их сонирхолтой санагдсан тул өөрийн орны нөхцөлд энэ жишээг тооцож үзэв. Юуны өмнө Монгол дах банкуудын хадгаламжийн хүүг судлав.
2019 оны 2 сарын байдлаар банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламж дунджаар 14,1% хүүтэй байна. (Банкуудын хадгаламжийн хүүг эндээс үзнэ үү) Хэдийгээр өнөөдөр Монголд хадгаламжийн хүү өндөр байгаа ч сүүлийн 10 жилийн хугацаанд бага багаар буурч ирсэн байна. Цаашид ч буурч дэлхийн жишигт хүрч болзошгүй. Тиймээс 10 жилийн дараа 12,3%, 20 жилийн дараа 10,6%, бүр хэтдээ 7% болно гэж үзэн дээрхтэй төстэй тооцоог Монголынхоо жишээн дээр тооцож үзье.
Үр дүн нь бас л гайхалтай.
Хэрвээ та 25-35 насны хооронд сар бүр 80,000 төгрөг хураагаад түүнээс цааш огт мөнгө хийхгүй байсан ч 65 нас хүрэх үед таны хадгаламж хүүгээрээ өсөөд 220 сая төгрөг болсон байх нь. (жилийн хүүг дээр дурдсанчлан жилээс жилд бууруулан тооцов)
Харин 35 наснаасаа хадгалж эхэлж байгаа хүн 65 хүртлээ 30 жилийн хугацаанд сар бүр 80,000 төгрөг хийхэд нийтдээ 163 сая төгрөгтэй болсон байх нь ээ. Харьцуулсан графикийг үзнэ үү.
Яагаад ийм ялгаатай үр дүн гарч байгаа олж мэдэхээр дахиад л нөгөө гадны сайтдаа хандлаа.
CNN Money-н өгүүлж буйгаар “Та чинээлэг нэгэн болохыг хүсч байвал танд дараах гурван зүйл хэрэгтэй: мөнгө, цаг хугацаа, хүүгийн хүү. Энэ гурваас хөрөнгө оруулалтын томъёонд хамгийн нөлөөтэй нь цаг хугацаа юм” гэсэн байна.
Харин хөрөнгө оруулалтын зөвлөгөө-зуучлалын тэргүүлэх фирм болох Vanguard “Хэрэв та хадгаламжиндаа байгаа мөнгөндөө хангалттай урт хугацаанд хүү бодуулж чадвал их хэмжээний мөнгөөр хадгаламж нээх шаардлагагүй болно” гэж зөвлөсөн байна.
Аль аль нь их хэмжээний хуримтлалтай болоход цаг хугацаа хамгийн чухал нөлөөтэйг зөвлөсөн байна.
Дахиад тооцоондоо оръё.
Цаг хугацаа үнэхээр тийм чухал эсэхийг нарийвчлан тооцож үзье. 30, 35, 40, 45 наснаас эхлэн сар бүр 80,000 төгрөг тасралтгүй хураасан хүмүүс 65 нас хүрэхдээ ямар хэмжээний хуримтлалтай болсон байхыг тооцож үзэхэд үнэхээр их зөрүү гарч байна.
30 наснаас хурааж эхэлсэн хүн 35 наснаас эхлсэн хүнээс бараг 50 хувь илүү хуримтлалтай болсон байх нь.
Дүгнээд үзвэл та аль болох эртхэн хуримтлалаа үүсгэж эхлэх нь ашигтай байна. Хэрэв бүр 25 наснаас хуримтлуулж эхэлж байгаа бол эхний 10 жилдээ сар бүр 80,000 төгрөг хийгээд цаашид нэмж мөнгө нэмэлгүй орхисон ч тэтгэвэрт гарах үед хангалттай хэмжээний буюу 220 сая төгрөгийн мөнгөн хуримтлалтай болох илүү амар арга зам байгаа ажээ.
Иймд залуучууд энэ сараас эхлэн өөрийнхөө хуримтлалыг үүсгэж эхлэхийг зөвлөж байна.
Алгуурлаж хойшлуулаад 1 жилийн дараанаас эхэлбэл хэдий хэмжээний хүү алдахыг нэмж тооцож өгье.
Өнөөдөр 25 настай хүн нэг жил алдаад 26 наснаасаа эхлэн дээрх маягаар 10 жилийн хугацаанд мөнгө хураагаад цааш нь мөнгө нэмэлгүй орхивол 65 нас хүрэх үедээ 207 сая төгрөгтэй болсон байх болно. Зөрүү 13 сая төгрөг. Энэ бол сүүлийн жилд нэмж орох байсан хүү юм. Ганцхан жил хойшлуулахад л та ийм хэмжээний алдагдал хүлээх нь байна.
Та шийдвэрээ гаргана уу.
Хадгаламжийн даатгалын корпораци Mongo.mn сайт хамтран боловсруулав
mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө