Хүүхдийн хадгаламж гэж юу вэ? – БОДРОЛ
Ээлжийн амралтаа өдрийн богино, шөнийн урт өвөл цагт аваад, сувилалд хэвтэж биеэ чагнан хэд хонов. Уйдах шинж орж, уулзаж таарсан таних, танихгүй хүнтэй хорвоогийн сонин хачнаас, хов жив ярихад буцахгүй болоод байтал найз Болдын /нэрийг өөрчлөв/ маань аав мөн сувилалд хэвтэж таарав. Болдын маань амьдрал тэгширсэн, гэр орон нь төв түвшин, эцэг эхээ ачилж явдаг сайн залуу.
Өвгөн тэтгэвэртээ суучхаад, насны буянаа эдлэн намбайж суудаг өвгөн байдаг юм. Гэм нь жаахан хэтрүүлж хэлбэл хэдэр гэж дуулддаг хүн. Хөгшин нь мөн л эвий, ахай болсон хөнгөн шингэн гэж жигтэйхэн улаан авгай.
Өвгөнтэй нэгэнт таарсных гээд замбараа муутай баахан асуулт цувуулж орхив.
- Бие тэнхээ данги уу? Ахуй амьдрал тавлаг биз дээ, тэтгэвэр хэд авч байна, амьдралд хүрч байна уу?
- Хүргэе гэвэл хүрнэ, хүрэхгүй гэвэл хаана ч үгүй шүү дээ. Ер залуучууд та нар хэзээ мөнгө зарж сурна даа. Мөнгийг зардаг, зарцалдаг болохоос зарж үрдэггүй юм шүү дээ... гэж хэгжүүхэн дуугарав.
- Ингэхэд танай ач, зээ нар хэд хүрцгээж байна вэ, сургууль соёлын бараа харах дөхөцгөөж байна уу? Болд маань хаагуур байна даа.
- Болд ч яахав. Сардаа ганц удаа хөгшин бид 2-т бараагаа харуулж, цайны сүү, мах ундаа дөхүүлж өгнө. Манай байрны мөнгийг төлнө. Сонин, сэтгүүл ч захиалаад өгчихнө. Бид хоёрт ач санаж байгаа нь тэр байх. Уул нь манай уламжлалаар олсон хэдээсээ эхлээд өөртөө нааж, хагасыг нь үр хүүхдэдээ хадгалж, үлдсэн хэдээр нь эцэг эхээ ачилдаг номтой. Манайхан чинь дээрээсээ гэр бүлээрээ, садан төрлөөрөө айл хөршөөрөө, нутаг усаараа элэг нэгтэй амьдарч, бие биенээ тулж түшиж ирсэн улс шүү дээ. Болдын том энэ жил их сургууль төгсөнө. Бага нь ирэх жил бас их сургуулийн бараа харна даа. Бусад нь жаахан. Хөгшин бид хоёр ч хэдэн ач, зээтэйгээ бужигнаад, завгүй л өнждөг юм гэснээ (Хэсэг зуур дуугүй болж, нүдээ жийтайлган, над руу ширтэж байгаад) “Ингэхэд чи чинь санхүүгийн мэргэжилтэй гэсэн бээз” хэмээн лавлалаа.
- Та надтай мөнгө, санхүү л ярих гээд байна аа даа?
- Энүүхэндээ гэхэд Монголчууд бид чинь уг нь эртнээсээ эд хөрөнгийн талаар ихээ гүнийг мэдэж, төө цааныг харж байсан улс л юм шүү дээ. Учрыг ухаагүй одооны багачуул, ухаан нь ихдэж ухаарал нь дутсан молхи эрдэмтэд, өвөг дээдсээ муучлан цэц булаалдаж байгааг энэ дөрвөлжин хараараа өдөр бүр л харж, сонсож сууна. Манай хүү, танай найз Болд ч ялгаагүй гээд өөрийнхөө ярианд өөрөө бухимдав бололтой.
Тамхи татаад хэсэг суув. Миний санаа ч жаахан зовж, дэмий ч юм асуув уу гэж бодонгоо ярианы чигийг өөрчлөх далим бодож суулаа.
- Ах нь хулгана жилтэй. Хөеө хураамтгай.Ингэхэд чамд байна шүү дээ, цаашаа хийсэн юм хэдэн бор юм бий бээз.
Байхгүй юмыг байгаа гэлтэй биш, хий л ханиасан болж, цаг хожисхийн суулаа.
- Муу ах нь хэдэн ач, зээгийнхээ сургалтын төлбөрийг төлдөг юм шүү дээ гэж байна.
Би жаахан итгэл муутайхан өвгөн рүү харангаа, Болд ч хүүхдийнхээ төлбөрийг ааваараа төлүүлэхээргүй чамбай хүн дээ гэж бодож байлаа.
Өвгөн миний бодлыг таасан мэт, чи итгэхгүй л байхаа даа гэлээ. Мөн л тамхиа сорж хэсэг сууснаа гэнэт,
- Хэдэн цаасны тэтгэврээс өөр орлогогүй, хөгшин бид 2 яаж хүүхдүүдийн сургалтын мөнгийг төлж байна гэж чи бодно. Жишээ нь чи яаж байна. Та хүүхэд ч бас Болдын багатай ойролцоо биз дээ гэв.
- Энэ жил их сургуульд орно. Арай ч болоогүй байна. Дөхүүлж байгаад, зээлийн арга бодно доо.
- За тэр. Багачуул та нар өнөө маргаашийн хэрэгцээ, гялгар гялтгар зүйлд мөнгө их үрэх юм. Мөнгөө зөв зарцуулна гэж ер үгүй. Өнөөдөр мөнгөтэй, маргааш мөнгөгүй, нөгөөдөр яахав гэдгээ ер боддоггүй юм даг аа даа, янз нь. Та нарын хэнэггүй нь хэтрээд байна уу, тэсвэр тэвчээр нь дутаад байна уу? Сургалтын төлбөр зэргийг хөгшин бид 2-ын чадаад байгааг залуус та нар чадаад, цаана илүү гарахаар. Гэвч ер хөдлөхгүй юм.
Миний сониуч зан хөдөлж, сургалтын төлбөр төлөх хялбар нууц арга сонсох гэж байгаа мэт санагдлаа.
- Уул нь их амархан. Чи мэднэ дээ. Хөгшин бид хоёр 2 ач, 2 зээтэй. Том нь энэ жил МУИС төгсөнө. Дараах нь сая дунд сургууль төгсөөд, энэ 9 сард их сургуульд орно. Удаах нь 6-р ангид сурч байна. Хамгийн бага нь одоо цэцэрлэгт байдаг юм. Тэгэхээр байна шүү дээ. Чи энийг хардаа гээд. Нэг тэмдэглэлийн дэвтэр гаргалаа. Шилээ зүүгээд, хуудсыг эргүүлэв.
Сийрүүлбэл:
Аль 2003 онд ач, зээ нарынхаа нэр дээр банкинд хүүхдийн хадгаламж нээжээ. 3 жилийн дараанаас том ачдаа арай нэмүү хийж эхэлсэн байна. Өвгөн хийж байгаадаа ихэд урамшдаг бололтой. Та нар хөгшин бидний тэтгэврээс өндөр цалинтай боловч, та нарт байхгүй үнэт чанар, надад бас байна аа.
Хүүхдүүд маань надад сонин захиалж өгч, сувилалд амруулж, сүү тараг зөөж, өвлийн идэш бэлдэж өгөхдөө ер гар татдаггүй. Харин үүнээс илүү чухал, нарийн тооцвол бага мөнгө орохоор зүйлд гар татаад байдаг юм. Залуус та нар хэдэн хүүхдүүддээ огт мөнгө хуримтлуулдаггүй. Сүүлдээ хөгшин бид 2 үглэж ядаад болохгүй болохоор энэ аргыг сэдсэн юм. Хөгшний тэтгэвэр, хүүхдүүдийн мөнгөөр амьдраад, минийхийг хэдэн ангаахайнуудынхаа хадгаламжинд хийчихдэг юм. Нууцаар шүү дээ гээд хүд хүд инээв.
Нээрээ л хөгшний тэмдэглэлээс харвал, ажил хийдэг бидний хувьд цалингийнхаа 10%-ийг хадгалаад байхад л сургалтын төлбөрийг мөн ч зовлонгүй төлөхөөр байна.
Тэтгэврийн насны 2 хөгшин хийж чадаад байгаа зүйлийг би хийж чадахгүй гэж үү?
Цалингийн 10% + Тэвчээр
Хадгаламжийн даатгалын корпораци Mongo.mn сайт хамтран боловсруулав
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв