Хуримтлал үүсгэдэггүй юмаа гэхэд ядаж тэтгэвэрээ өндөр тогтоолгох хэрэгтэй
Залуучууд бид нийгмийн даатгалаа төлөх асуудлыг одоохондоо зөвхөн зээл авахтай л холбож ойлгох нь нийтлэг байна. Уг нь нийгмийн даатгалын үндсэн зорилго юу болохыг бид өмнөх нийтлэлээрээ тайлбарласан билээ.
Тэгвэл нийгмийн даатгалын нэг үндсэн зорилго болох Тэтгэврийн даатгалыг энэ нийтлэлээрээ тайлбарлая.
Тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж байсан иргэн хүн өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болох, эсвэл нас барж хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдахад тэтгэвриин даатгалын сангаас сар бүр мөнгө авах боломжтой.
Та үүнийг цалингаасаа төлөхөөс гадна, сайн дураараа ч төлөөд явсан болно. Ялангуяа хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс үүнийг сайн дураараа төлөөд явах боломжтой.
Сайн дураараа даатгуулж байгаа тохиолдолд:
Хэн хамрагдах боломжтой вэ?
- Заавал даатгагдсанаас бусад хувиараа хөдөлмөр эрхлэх замаар ажил, vйлдвэрлэл , vйлчилгээ эрхлэгч, эзэд
- Чөлөөт уран бvтээлчид
- Хувийн аж ахуйтан малчид, тариаланчид
- Хоршооны гишvvд
- Лам санвартангууд гэх мэт
Шимтгэлийн хэмжээ хэд байх вэ? Хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлогын 10 % шимтгэл төлнө.
Хаана хандах вэ? Харъяа нутаг дэвсгэрийн Нийгмийн даатгалын байгууллагын байцаагчид
Харин одоо өндөр насны тэтгэврийн хэмжээг хэрхэн тогтоодог, үүнтэй холбоотойгоор юуг анхаарах ёстойг тайлбарлая.
Та дараах нөхцөл, болзлыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр авах эрхтэй:
- Тэтгэвэр тогтоолгох насанд (эрэгтэй 60, эмэгтэй 55) хүрсэн байх
- 20-иос доошгүй жил шимтгэл төлж ажилласан байх
- Ажлаас чөлөөлөгдсөн (хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон) байх
Өндөр насны тэтгэврийг яаж тогтоодог вэ?
Таны шимтгэл төлж байсан цалингийн дүн эсвэл орлогын дүнгээс хамааруулан тэтгэврийн хэмжээг тогтоодог тул юуны өмнө та одооноос л цалин эсвэл орлогоо аль болох бодитой мэдүүлж түүнээсээ шимтгэлээ төлж явах нь ирээдүйд танд хэрэг болно.
Таны тэтгэврийн хэмжээг тогтоохдоо таны шимтгэлээ тооцон төлж байсан сарын цалин эсвэл орлогын 45 хувиар тогтооно. Хэрэв та тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн бол жил тутамд нь 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс эсвэл орлогын дүнг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцно.
Жишээгээр тайлбарлая
60 нас хүрсэн иргэн Сүрэн нийтдээ 30 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан. Түүний 5 жилийн дундаж цалин нь 500 000 төгрөг бол түүний өндөр насны тэтгэвэр:
- 20 жил шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр 500 000 төгрөг * 45% =225 000 төгрөг
- 20 жилээс илүү ажилласан 10 жилд /ЗОжил — 20жил / ногдох тэтгэвэр 500 000 төгрөг * 1.5% * 10 жил = 75 000 төгрөг
- Иргэн Сүрэнд сард олгох өндөр насны тэтгэвэр 225 000+75 000=300 000 төгрөг.
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв