Толгой эргэж гүйцлээ, аль банкны хадгаламж хамгийн ашигтай нь вэ?
Банкны ажилтан бүр л өөрийн банкны хадгаламжийг ашигтай гэж байгаа биз. Та болохоор аль нь илүү ашигтайг тооцож чадахгүй байна уу?
Уг нь бодоход хэдэн тоог хооронд нь харьцуулахад нэг их төвөггүй мэт. Гэхдээ яагаад бид нар шууд харьцуулж чадахгүй байна вэ?
Энэ ч аргагүй юм. Учир нь банкууд ихэвчлэн хадгаламжийн хүүгээ сараар нь хэлдэг бөгөөд бид сарын хүүг нь хооронд харьцуулах гэхээр хүүгээ боддог аргууд нь өөр өөр байдаг. Үүнээс шалтгаалаад жилийн хүү нь өөр өөр гардаг. Ингэхээр бид байтугай банкны ажилтнууд ч бүх банкны хүүг, хүү тооцох аргаар нь тооцож харьцуулан хэлэхэд хүндрэлтэй байдаг.
Иймээс бид банк бүрийн хадгаламжийн хүүг, хүү тооцдог аргаар нь хадгаламжийн хугацаатай нь уялдуулан бодож нийтдээ хэдэн хувийн хүү бодогдож таны дансанд орохыг тооцож харуулдаг боллоо. Гэхдээ бүгдийг нь бус хамгийн боломжийн нөхцөл санал болгож буй банкуудыг Mongo.mn вэб хуудсандаа нийтэлдэг болоод байгаа билээ.
Харин ингэж шинэлэг байдлаар мэдээлдэг болсоноос хойш уншигчдаас үүнтэй холбоотой ирэх асуулт эрс нэмэгдэж байгаа бөгөөд зарим нь өөрийн үйлчлүүлдэг банкны мэдээлэл байхгүй байна гэх мэт асуултыг ирүүлж байна.
Иймээс бид банкуудын хадгаламжийн хүүгээ тооцдог аргуудын талаар энгийн тайлбар та бүхэнд хүргүүлж байна.
Товчхон хэлэхэд сарын хүүг нь мэдэхээс гадна хүү тооцох аргыг нь давхар мэдэж байх хэрэгтэй. Үүнийг харин банк бүрийн вэб хуудсаар нь орон мэдэх боломжтой.
Манай банкууд хадгаламжийн хүүгээ тооцдог үндсэн гурван аргатай байна.
- 1. Сар бүр хүүгээ хуримтлуулдаг.
- 2. Жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг.
- 3. Гэрээний хугацаа дуусахад хүүгээ хуримтлуулдаг гэсэн үндсэн гурван аргатай.
“Сар бүр хүүгээ хуримтлуулна” гэдгийг бид “хүүгээс хүү боддог” хадгаламж гэж ихэвчлэн ярьдаг. Энэ нь сар бүрийн сүүлийн өдөр тухайн сард бодогдсон хүүг таны хадгаламжинд байгаа мөнгөн дээр тань нэмээд явна гэсэн үг. Дараа сарын эхний өдрөөс эхлэн нэмэгдсэн дүнгээс хүү тооцож явна гэсэн үг. Аргачлалын хувьд тун таатай харагдаж байгаа ч “хүүгийн хүү” гэдэг нь ямар хэмжээ вэ гэдгийг хүмүүс багцаалж сурах хэрэгтэй. Энэ нь сард хэдэн хувийн хүү банк амалж байна вэ гэдгээс их хамаардаг.
“Жилд нэг удаа хүүгээ хуримтлуулна” гэдэг нь жил буюу түүнээс дээш хугацаагаар хийж буй хадгаламжийн хувьд хэрэглэдэг бөгөөд та өнөөдөр буюу 2020/04/28-ны өдөр хадгаламжиндаа мөнгө хийсэн бол 1 жилийн дараа буюу 2021/04/28-ны өдөр бүтэн жилийн турш бодогдсон хүүг таны хадгаламжийн дүн дээр нэмнэ гэсэн үг. Хэрэв та жилээс илүү хугацаагаар хадгалсан бол дараагийн өдрөөс нь эхлэн нэмэгдсэн дүнгээс хүү бодогдож эхэлнэ гэсэн үг.
“Гэрээний эцэст хүүгээ хуримтлуулна” гэдэг нь хадгаламжийн хугацаа дуусахад нэг удаа хүүг тооцоолон таны хадгаламж дээр нэмж олгох аргыг хэлж байгаа юм.
За энэ гурван аргыг мэдсэн ч гэсэн шууд хэрэглэн банк бүрийн хүүг, хүү тооцох аргаар нь тооцон харьцуулан суухад тодорхой чадвар шаардахаас гадна, цаг хугацаа ч нэлээд орно.
Иймээс бид хүмүүсийн хамгийн их мэдэхийг хүсдэг хэд хэдэн хадгаламжийн төрөл дээр банк бүрийн хүүг тооцон хамгийн боломжийн хүү санал болгож буй банкуудыг түүвэрлэн харуулж байгаа билээ.
Хэрэв та сонирхож байвал:
3 сарын хугацаатай хадгаламжийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
6 сарын хугацаатай хадгаламжийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
1 жилийн хугацаатай хадгаламжийн мэдээллийг энд дарж үзнэ үү.
Бидний тухай бүрд нь тооцон нэгтгэж буй энэхүү харьцуулсан мэдээлэл та бүхэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм
Жич: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалд тусгасан “Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д хадгаламжийн хүүний мэдээллийг ийнхүү ойлгомжтой хэлбэрээр иргэдэд мэдээлж байхыг заасан байна.
mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө