​​Хувийн санхүүгээ төлөвлөх: Төлөвлөлтийн ач холбогдол

  • 2020 / 08 / 24

Орлого, зарлагаа зөв удирдаж тодорхой хэмжээний хуримтлал бий болгоход хувийн санхүүгээ төлөвлөх нь юу юунаас чухал. Үүнийг дараах энгийн жишээн дээр тайлбарлая.

Таныг төсвийн байгууллагад ажилладаг 25 настай, сарын 400,000 төгрөгийн цалинтай гэж бодъё. Хуулийн дагуу Та цалингийнхаа 10 хувийг хувь хүний орлогын албан татварт төлнө. Дээр нь нийгмийн даатгал болон өөр хэд хэдэн төрлийн шимтгэл бас төлнө. Эдгээрийг таны цалингаас шууд суутгаад авна. Энэ бүхнийг төлөөд Таны гар дээрээ бэлнээр авах мөнгө 350,000 төгрөг болно гэж төсөөлье. Та энэ мөнгийг юунд зориулах вэ.
Мэдээж таны өдөр тутмын хэрэглээнд зардал гарна. Ихэнх Монголчуудын өдөр тутмын хэрэглээ ялгаа багатай байдаг. Таныг гэрлээгүй, ганцаар амьдардаг гэж үзвэл наад зах нь дараах зардлууд гарна.

Хэрэв нийт зарлага дунджаар иймэрхүү гэвэл сарын орлого, зарлага чинь тэнцүү байх нь. Гэтэл хэрэг дээрээ үүнээс гадна олон зүйлд мөнгө зарах хэрэгцээ гардаг. Жишээ нь:
• Найз нөхөд, хамаатан садан өвдөх, нас барахад тодорхой хэмжээний мөнгөн тусламж өгөх хэрэгтэй болно. Өөрөө өвдөхийг ч үгүйсгэх аргагүй.
• Зурагт, тавилга гэх мэт шинээр эд зүйлс худалдаж авах хэрэгцээ, шаардлага ч бий болж мэднэ.
• Аав, ээж, ах дүү, найз нөхдийн төрсөн өдөр болон баяраар бэлэг авч өгөх эсвэл ресторанд урьж баярлуулах зэрэг хүсэл, мөрөөдөл ч төрж болно.
Энэ үед Та хэн нэгнээс зээл аваад хүссэнээ биелүүллээ гэхэд дараа нь өртэй үлдэнэ. Буцааж төлөхгүй л бол өр өөрөө хорогдохгүй, харин ч хүү торгууль гээд өсч байдаг. Тиймээс хэрэглээний зарлагаа зээлээр нөхөхөд өр л нэмэгдэнэ. Өр нэмэгдэх тусам асуудал улам л хүндэрнэ.
Дээрх тохиолдолд хуримтлал, хадгаламж, эсвэл тэтгэврийн талаар яриагүй байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Танд одоогоор санхүүгийн ямар нэг зорилго байхгүй. Ямар нэг санхүүгийн эрсдлээс өөрийгөө хамгаалах арга замаа ч бодож төлөвлөөгүй байгаа. Яг иймэрхүү дүр зураг бидний олонхид байгаа. Түүнчлэн өнөөдөр 30, 40 настай хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эсвэл гадаадад хууль бусаар амьдарч байгаа олон хүмүүс нийгмийн даатгалгүй явж байна. Тэд нийгмийн даатгалд хамрагдаагүй учраас тэтгэврийн насанд хүрч, орлого олох чадваргүй болсон үедээ ямар нэг тэтгэврийн орлогогүй болох эрсдэлтэй. Мөн тэтгэвэр авдаг ч тэр нь амьдралын наад захын хэрэгцээг дөнгөж хангахуйц, эсвэл ерөөс хүрэлцэхгүй байдаг. Залуу насандаа ирээдүйн санхүүгийн талаар төдийлөн санаа тавилгүй, болж бүтнэ гэсэн өөдрөг боловч бодитой бус байдлаар асуудалд хандаж байснаас тэтгэврийн насны хүмүүс ийм хүндхэн амьдралыг туулах нь бий. Тиймээс хүн бүр аль болох залуу наснаасаа эхлэн ирээдүйн амьдралдаа санаа тавьж, гавьяаны амралтаа эдлэх үедээ хөрөнгө, санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй хэрхэн амьдрах талаар бодох нь чухал.
Та хувийн санхүүгээ төлөвлөснөөр:
• Мөнгө олох, түүнийгээ зөв ашиглах, хадгалах, өсгөж арвижуулах талаар илүү ухаалаг шийдвэр гаргаж сурна.
• Санхүүгийн байдлаа бодитойгоор хянах бололцоотой болж санхүүгийн ямар нэг эрсдэл учирахаас сэргийлнэ.
• Санхүүгийн хувьд бусдаас хараат байдлаа багасгаж түүнээс ангижирахад тус дөхөм болно.
• Ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг, сэтгэл зовохгүй амьдрах болно.

Үргэлжлэл бий...

Ашигласан сурвалж: ”Санхүүгийн хөтөч’ номноос

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа