​​Банкууд нэмэгдүүлсэн хүү буюу “Алданги”-г яаж тооцдог вэ?

  • 2020 / 09 / 09

Өнөөдөр ихэнх хүн л зээл авчихсан байна. Уулын мод урттай богинотой, Олон хүн сайнтай муутай гэдэг шиг зарим хүмүүс нь зээлээ урьдчилж төлөхийг хүсч байдаг бол зарим нь санхүүгийн асуудалд орчихсон зээлийнхээ хугацааг сунгах талаар бодож явдаг.

Зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа хүний хувьд “Зээлийн хугацаагаа сунгаж болох болов уу” эсвэл “ямар хэмжээний алданги гарч байгаа бол” гэсэн бодол толгойд нь эргэлдэж байдаг.

Иймд бид энэ нийтлэлээрээ банкууд “Алданги” буюу нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцдогийг тайлбарлаж өгье.

“Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухайхууль”-нд үүнийг нэмэгдүүлсэн хүү гэж нэрлэдэг бөгөөд үндсэн хүүний хорин хувиас хэтрүүлэхгүй тогтоож байхаар заажээ.

Тухайлбал таны авсан зээл сарын 2,5% хүүтэй бол сард тооцож болох нэмэгдүүлсэн хүү (бидний ярьж заншсанаар алданги) сарын 0,5% байна гэсэн үг юм. Сарыг 30 хоногтой гээд үзвэл энэ нь өдрийн 0,017% хүү нэмж бодно гэсэн үг. Тэгээд зээлийн хүү боддогтой яг адилхан хэдэн хоног зээлээ төлөхгүй хугацааг нь хэтрүүлсэн тэр хоногоор тооцдог. Харин ямар дүнгээс нэмэгдүүлсэн хүүг боддог вэ?

Үндсэн хүүг бодохдоо нийт зээлийн үлдэгдэл дүнгээс тооцдог бол нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо төлөгдөх хугацаа нь болсон ч төлөөгүй байгаа зээлийн дүнгээс тооцдог. Жишээлбэл 5 сая төгрөг авсан хүн энэ сард зээлнээсээ 300,000 төгрөг төлөх ёстой байсан ч түүнийхээ 100,000 төгрөгийг төлөөд үлдсэнг нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо энэ сард төлөх ёстой байсан боловч төлөөгүй байгаа 200,000 төгрөгөөс тооцно. Зарим хүмүүс нийт зээлийнхээ үлдэгдлээс бодох ёстой гэсэн ташаа ойлголттой байдаг. Тухайлбал төлөх ёстой хугацаанаасаа 6 хоног өнгөрчихсөн бөгөөд нэмэгдүүлсэн хүү нь сарын 0,5% гэж үзвэл тухайн хүний энэ 6 хоногт төлөх ёстой нэмэгдүүлсэн хүү нь доорх томъёогоор бодогдоно.

Нэмэгдүүлсэн хүү =(200,000*0.5%/30)*6

Тооцоод үзэхээр 200 төгрөгний нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой болж байна.

За та бүхэн банк нэмэгдүүлсэн хүүгээ яаж боддогийг ойлгосон байх.

Жишээнээсээ хамаараад эсвэл ер нь зүгээр харахад бага дүн харагдаж байж болно.

Хамгийн гол нь хэрэв та зээлийнхээ хугацааг хэтрүүлээд байвал зээлийн мэдээллийн санд энэ мэдээлэл орох бөгөөд дараа дараагийн зээл авахад хүндрэл учруулдаг болохыг анхаараарай.

Танд амжилт хүсье!

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа