​​Хувийн санхүүгээ төлөвлөх: Төлөвлөх, хэрэгжүүлэх үе шат

  • 2020 / 09 / 16

Хувийн санхүүг дараах үе шаттайгаар төлөвлөж, хэрэгжүүлнэ.

  • 1.Одоогийн нөхцөл байдлаа үнэлэх. Хувь хүн, эсвэл өрх гэр орлого, зарлагын тайлан гаргаж санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлаа үнэлэх нь чухал. Балансыг хоёр баганатай хүснэгтээр гаргаж болно. Нэг баганад бэлэн мөнгө, хувцас, үнэт эдлэл, бусад эд хогшил, үл хөдлөх хөрөнгө тус бүрийн мөнгөн дүн, нөгөө баганад өр төлбөр, бусдын өмнө хүлээсэн үүргийн мөнгөн дүнг харуулна. Харин орлого зарлагын тайланг долоо хоногоор, сараар, эсвэл жилийн орлого, зарлагаа нэг бүрчлэн бичиж хүснэгтээр гаргана. Энэ хоёр хүснэгтээс Та юуны өмнө зардлаа хэрхэн багасгах талаар эхний дүгнэлт хийж болно. Цаашлаад ирээдүйд олох орлогоо нэмэгдүүлэх боломжийг аль болох бодитой тооцоолж харах нь чухал.
  • 2.Зорилгоо тодорхойлох. Юуны өмнө өөрийн хуримтлал хийх хэрэгцээ, шаардлагаа сайтар бодож тунгаах хэрэгтэй. Тухайлбал, Та ирэх 5 жилд ямар хэмжээний мөнгө хуримтлуулах хүсэлтэй байна вэ? Ирэх 30 жилд өөртөө ямар амлалт өгөх вэ? гэдгийг өөрөөсөө асууж хариулт ав. Тэгээд санхүү, мөнгөний талаар тодорхой зорилго тавина. Жишээ нь, “би 60 нас хүрч тэтгэвэрт гарах үедээ 50 сая төгрөгийн хадгаламжтай болно”, эсвэл “3 жилийн дотор өөрийн унаатай болно” гэх мэт. Насанд хүрсэн ихэнх хүмүүст хүүхдийнхээ цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн төлбөрийн мөнгийг хуримтлуулах, эсвэл их, дээд сургуулийн төлбөрт Төрийн сангаас авсан зээлээ төлөх, машин авах, орон байртай болох зэрэг нь санхүүгийн нийтлэг зорилго болдог. Та хэд хэдэн зорилго зэрэг тавьж ч болно. Эдгээр нь урт, богино хугацааны зорилт байж болно. Зорилгоо тодорхойлсноор Та санхүүгийн төлөвлөгөөгөө гаргах боломжтой болно.
  • 3.Санхүүгийн төлөвлөгөө зохиох. Төлөвлөгөө нь санхүүгийн зорилгоо хэдийд, хэрхэн, ямар арга замаар хэрэгжүүлэхийг тодорхойлсон баримт юм. Жишээ нь, чухал шаардлагагүй зүйлд мөнгөө үрэхгүй байх, орлогоо нэмэгдүүлэх талаар хэдийд, юуг, хэрхэн хийх, мөнгөн хуримтлалтай болсон үедээ ямар хөрөнгө оруулалт хэзээ, хэрхэн хийх гэх мэтээр төлөвлөгөө зохионо. Уг төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой, бодит байдлаараа хүсэл мөрөөдлийн жагсаалтаас ялгагдана.
  • 4.Хэрэгжүүлэх, хянах. Санхүүгийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эсэх нь хувь хүний сахилга, хариуцлагаас ихээхэн шалтгаална. Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, замын дундаас ухарч няцахгүй, тууштай байх чадвар Танд зайлшгүй хэрэгтэй. Санхүүгийн төлөвлөгөөний биелэлтдээ хяналт тавьж ажиллах нь бизнесийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжихийн үндэс болдог. Ийм учраас бодит судалгаанд тулгуурласан, хэрэгжих боломжтой санхүүгийн төлөвлөгөөтэй байх нь Таны хувийн санхүүгийн төлөвлөгөө амжилттай хэрэгжих үндэс болно.
  • 5.Санхүүгийн төлөвлөгөөний биелэлтээ явцын дунд хянах, залруулах. Цаг хугацааны явцад урьдчилж тооцоогүй, Танаас хамаарахгүй гэнэтийн явдлууд гарч төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэж болох юм. Энэ үед анхны төлөвлөгөөгөө өөрчлөх, залруулах шаардлага гарна. Нэгэнт сайн боловсруулж бичигдсэн санхүүгийн төлөвлөгөөтэй байх нь биелэх магадлал өндөр бөгөөд бичигдээгүй төлөвлөгөө биелдэггүй гэдгийг санах нь зүйтэй.

Ашигласан сурвалж: ”Санхүүгийн хөтөч’ номноос

Холбоотой нийтлэлүүд