Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлт
1. Дэдхөтөлбөрийн хүрээнд энэ журмын дагуу бий болгох орон сууцны ипотекийн зээл нь дараах нөхцөлтэй байна:
- 1.1 Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 240 хүртэл сар байх;
- 1.2 Орон сууцны ипотекийн зээлийн жилийн хүү 8 хувь +/-1 хувь байх;
- 1.3 Урьдчилгаа төлбөр нь 30 хувиас доошгүй, ЗҮХ нь 70 хувиас дээшгүй байх;
- 1.4 ӨОХ нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх;
- 1.5 Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
- 1.6 Орон сууцны ипотекийн зээлийн барьцаа нь зээлдэгчийн энэ журмын дагуу авсан зээлээр худалдан авах шинэ орон сууц, ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх;
- 1.7 Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй зээл байх.
2. Дэд хөтөлбөрийн хүрээнд энэ журмын дагуу орон сууцны ипотекийн зээлд хамрагдах иргэн дараах шаардлагыг хангасан байна:
- 2.1 Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
- 2.2 Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
- 2.3 Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
- 2.4 Өрхийн1 гишүүний аль нэг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”- ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
3. Дэд хөтөлбөрийн хүрээнд энэ журмын дагуу бий болох орон сууцны ипотекийн зээлийн барьцаа нь дараах шаардлагыг хангасан байна:
- 3.1 Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх;
- 3.2 Шинэ орон сууц, ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх;
- 3.3 Орон сууцны талбайн нийт хэмжээ “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцсоноор 80 м2- аас дээшгүй байх;
- 3.4 Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 22.2-т заасны дагуу даатгалд хамрагдах;
- 3.5 Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;
- 3.6 Барьцаалбар үйлдсэн байх;
- 3.7 Банк дэд хөтөлбөрийн хүрээнд бий болох орон сууцны ипотекийн зээлийн барьцаанд байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй байна.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв