Уншигчаас ирүүлсэн асуултын хариулт: 8%-ийн орон сууцны зээл авахад гэр бүлийн 2, хоёулаа ажилтай байх ёстой юу?
Асуулт:
Сайн байна уу? Нөхрийн маань үндсэн цалин 1,000,000₮, би одоогоор ажилгүй хувиараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг. Бид 2 байрны урьдчилгаа гээд 15,000,000₮ бэлдсэн байгаа. Нөхрийн нэр дээр орон сууцны зээл авч болох болов уу? Эсвэл би заавал ажилтай байх шаардлагатай юу? Сайн дэлгэрэнгүй хариулт өгч туслаач.
Хариулт:
Орон сууц худалдан авах зээлийн хүсэлт гаргагч нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна.
• Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй.
• Байгууллагадаа сүүлийн 1-2 жил тогтвортой ажилласан.
• Нийгмийн даатгалд хамрагдсан.
• Хэрвээ 8%-ийн орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй бол өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
Та 15 сая төгрөгний урьдчилгаа төлбөр бэлдсэн бол нийт 50 сая төгрөгний үнэлгээтэй байр хайх хэрэгтэй болно. Иймээс банкнаас хүсч буй зээлийн дүн 35 сая төгрөг байна. Энэ зээлийг 20 жилийн хугацаанд, жилийн 8%-ийн хүүтэй төлөхөөр төлөвлөж байгаа бол сарын зээл эргэн төлбөр 293,000 төгрөг болно. Эндээс харахад танай сарын өрхийн орлого 700,000 төгрөг хүртэл байвал хангалттай. Гэхдээ бусад зээлтэй бол өрхийн орлогын хэмжээ нэмэгдэх хэрэгтэй гэдгийг анхаарай. Хамгийн гол нь зээл төлөх чадвар нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй юм.
Банкнаас тавьж буй нэгэн гол шалгуур бол өрхийн орлого зарлага юм. Өрхийн орлого өндөр байх тусам зээл төлөх чадвар нь дагаад нэмэгдэх учир зээл батлагдах магадлал өндөр байдаг. Гэр бүлийн 2 хүн 2-уул идэвхитэй орлоготой байвал банк танд илүү итгэх болно.
Одоогийн нөхцөл байдлыг авч үзэхэд нөхөр тань орлоготой байгаа учраас нөхрийн нэр дээр зээлийн хүсэлт гаргана. Гэр бүлийн нэг гишүүний орлогоор зээлийг хангалттай төлөх боломжтой бол заавал бусад гишүүдийг орлоготой байхыг шаардахгүй.
Орон сууц худалдан авах зээлийн мэдээлэлтэй танилцахыг хүсвэлЗээлээр байртай болсон түүх 1, 2, 3, 4, 5-ийг уншина уу.