Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь
Өмнө нь нэлээдгүй хөөцөлдсөний эцэст эхнэр бид хоёр юуны өмнө банк бидэнд хэдэн төгрөгний зээл, хэд хоногт багтаан гаргаж өгөхийг мэдэх нь зүйтэй гэж тогтсон билээ. Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу?
За ингээд дахиад л нөгөө банкин дээрээ очлоо.
Цалингаа дамжуулан авдаг банкны ажилтантай доорх яриаг өрнүүлсэн юм.
- Надад хэдэн төгрөг олдохоор байгааг тооцоод өгөөч.
- Таны цалингаас өөр нэмэлт орлого байгаа бил үү?
- Эхнэр жаахан юм хийдэг шүү дээ
Эдийн засагч миний цалингийн дансыг компьютераасаа хараад, жаахан тоо бодож байснаа зөвхөн таны цалингаар тооцвол танд 65,0 сая орчим төгрөгийн зээл олдохоор байна гэлээ.
- Нэмээд 100,0 сая орчим болгож болох уу?
- Эхнэрийн тань орлогыг нэмж болно. Та эхнэрийнхээ орлогыг нотлох юм байвал аваад ирвэл би нэмээд бодоод өгье л дөө.
- Авчраагүй л дээ. Эхнэрийн орлого хэд байвал болохоор байна.
- За даа, нэмээд ..... төгрөгийн орлого байхад л болно.
- Хэд орчим хоногт зээл гарах вэ?
- Таных удахгүй ээ. Материалаа өгчихвөл манай дээр 3-5 л хонох байх. Харин үл хөдлөх дээр гэрээгээ батлуулахад л жаахан удаад байдаг юм.
- За, за. Баярлалаа
Бидний хооронд ийм яриа өрнөлөө. Би үүнд ердөө л 20 орчим минут зарцуулав.
Банкны эдийн засагч надтай ярилцах энэхэн зуурт банкнаас авч чадах зээлээ хэрхэн тооцохыг зааж өгсөн юм. Би өмнө нь цалингийн зээл аваад л байдаг байсан хирнээ үүнийг огт анзаардаггүй байсан байна.
Банкууд тухайн өрхийн сард төлж чадах зээлийн дүнг эхэлж тооцдог бөгөөд энэ нь өрхийн сарын орлогын 45%-50% -с хэтрэхгүй байх ёстой гэж үздэг. Миний гар дээр ирдэг цалин 1,200,000 төгрөг тул үүний 45% нь 540,000 төгрөг болж байна. Ингээд намайг сард 540,000 төгрөг төлж чадна гэж үзээд, танд 65,0 орчим сая төгрөг оногдоно гэж хэлсэн юм байна.
Та ч мөн адил сарын орлогодоо хэдэн төгрөгийн зээл оногдох боломжтойг хялбаршуулсан хүснэгтээс үзэхийг хүсвэл энд дарна уу. Нэг зүйлийг анхааруулахад хэрэв та өөр бусад зээлтэй бол банк түүнийг хасаж тооцдог.
Харин эхнэрийн бизнесийн ашгийг оруулбал манай өрхийн сарын орлого 2,500,000 төгрөг бөгөөд үүний 45% буюу 1,125,000 төгрөгөөр сар бүр зээл төлж чадна гэж тооцдог.
Хэрэв та байрны зээлээс гадна, давхар цалингийн зээлтэй байвал сар бүр цалингийн зээлд төлж байгаа дүнг дээрх 1,125,000 төгрөгөөс хасаж тооцдог юм байна.
Ингээд хамгийн удаандаа 5 хоногийн дараа гэхэд зөвхөн миний орлогоор бол 65 сая төгрөг манай өрхийн орлогоор бол 120 орчим сая төгрөгийн зээл батлагдах боломжтой юм байна. Харин надад урьдчилгаа гэж 27,0 сая төгрөг байгаа тул үүнтэй уялдуулан тооцвол банк надад 65 сая төгрөгийн зээл баталж өгөх бөгөөд би 92 сая төгрөгийн байр худалдан авч болох юм байна.
За ингээд хэдэн төгрөгийн зээл авч чадах, ямар үнэтэй байр хайхаа тодорхой мэдэж авлаа. Мөн өөрт олдох зээлээ ч ойролцоогоор тооцож чаддаг боллоо.
Гэхдээ шууд ингээд ч зогсчихоогүй өөр нэг банктай бас очиж уулзаж үзсэн бөгөөд тэнд юу болсон талаар дараагийн нийтлэлээс уншаарай.
Өмнөх нийтлэл буюу
Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд
Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс
Зээлээр байртай болсон түүх-4: Орлогоо баталгаажуулж сурсан нь
ийг уншина уу.
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв