Хэрхэн мөнгөн хуримтлалтай болох вэ? / Үргэлжлэл /
Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү ажил бол мөнгөн хуримтлалтай болох юм.
Учир нь өдөр тутмын зардлаа багасгах зэрэг тун ярвигтай ажлаас эхлэн
олон зүйлийг шийдвэрлэх хэрэгтэй болдог. Тухайлбал Хэр их хадгаламжтай
болох вэ, Хаана хадгалах вэ, Найдвартай байгаа эсэхийг нь хэрхэн шалгах
вэ гээд л олон олон асуулт хөврөн гарч ирдэг.
Биелэхүйц зорилт тавьж, мөнгөний зарцуулалтаа хянаж, хадгаламжтай болохыг хүсэж байвал дараах алхмуудыг мөрдөнө үү.
Хуримтлалтай болох өмнөх 6 алхмууд-ыг уншина уу.
Алхамууд
7. Одоо хадгаламжийн зорилгоо эргэж нэг хар.
Сарын цэвэр орлогоосоо (өөрөөр хэлбэл татварын дараах орлого) зайлшгүй зардлуудаа хас. Зөрүү нь хэд байна? Энэ дүн таны сар бүр хадгаламжиндаа хийх мөнгөтэй дүйцэж байна уу? Та сард 350 мянган төгрөгөөр амьдарч чадна гэж шийдсэн бөгөөд таны сарын цалин 530 мянган төгрөг гэж бодьё. Тэгвэл та 180 мянган төгрөг хадгалах боломжтой. Хэрэв таны хадгаламжиндаа сар бүр хураах ёстой мөнгө үлдэж буй энэ 180 мянган төгрөгт багтах ямар ч боломжгүй бол зарим нэг худалдан авах зүйлээсээ татгалзах эсвэл мөнгөө хуримтлуулах хугацаагаа өөрчлөх хэрэгтэй. Шинэ машин худалдаж авахаа дараа жил болгож болно эсвэл том дэлгэцтэй телевизор танд тийм ч их хэрэгтэй биш байж болно.
8. Төсөв гарга.
Нэгэнт орлого, зарлагын (зайлшгүй гэдгийг дахин анхааруулъя) зөрүүгээ сар бүр хийх хадгаламжтайгаа дүйцүүлж чадсан бол одоо нэг шат ахих хэрэгтэй. Цалингаасаа зарцуулах зүйлсээ урдчилан тооцоолон бичиж, төсөв гарга. Ингэснээрээ кофе, үзвэр үйлчилгээ, ресторан гэх мэт үе үе, өм цөм явдаг зардлуудаас урдчилан сэргийлэх боломжтой болно.
9. Зээлийн карт хэрэглэхээ боль.
Хэдийгээр энэ манай Монголд нэг их дэлгэрээгүй ч кредит карт буюу зээлийн картыг хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Бүх зүйлийн төлбөрийг бэлэн мөнгөөр төл. Яг хэдий хэмжээний мөнгө цаана нь үлдэж байгаагаа мэдэхгүйн улмаас зээлээр төлж байгаа үед төсөвлөснөөсөө хэтрүүлж зардал гаргаад байдаг. Хэрэв бэлэн мөнгөтэй бол мөнгөө дуусч байгааг мэдэх болно. Зардал бүрт зориулан мөнгөө урьдаас тоолж багцлан дээр нь бич. Эсвэл тус тусад нь хайрцганд хийсэн ч болно. Тухайн зардалд зориулагдсан мөнгөнөөс авахдаа саванд хэдий хэмжээний мөнгө үлдсэнийг харж өөртөө сануулга болгож болно.
- • Хэрэв та зээлийн карттай байх хэрэгтэй боловч өдөр бүр ашиглахыг хүсэхгүй байвал зээлийн картныхаа наагуур, түрийвчнийхээ тэр хэсэгт хадгаламжийн зорилгыг тань сануулсан бичиг буюу зургаар хаа.
- • Зээлийн карт уг нь муу зүйл биш, энэ бол зөвхөн таны өөрийгөө хянах чадвартай л холбоотой. Хэрэв та зээлийн картыг хариуцлагатайгаар ашиглавал (өөрөөр хэлбэл сар бүр ашигласан мөнгөө бүрэн төлдөг бол) зээлийн карт бас ашигтай.
- Гэхдээ ихэнх хүмүүс картан дах зээлийн эрхээ тултал ашиглачихдаг бөгөөд кредит карт гаргаж буй компаниуд ч энэ л үед гол ашгаа олдог юм.
10.Хүүгээ хуримтлуулдаг хадгаламжтай бол.
Хадгаламжийн дансаа харилцах данснаасаа тусад нь байлгавал сүүлд нь хуулгаа үзэх үед хялбар байх болно. Харилцах данснаас (ер нь харилцах дансанд хүү өгдөг байсан ч) илүү хадгаламжийн дансанд илүү өндөр хүү бодогддог. Ялангуяа хугацаа уртсах тусам хадгаламжийн хүү өсөж байдаг.
11. Мөнгөө эхэлж өөртөө зориул.
Хадгаламж таны хамгийн чухал зүйл. Тиймээс сарын сүүлд үлдсэн мөнгөө хадгална гэж бүү бод. Цалингаа авангуутаа хадгаламжиндаа мөнгөө хий. Мөнгө хурааж эхлэх хялбар бөгөөд үр дүнтэй арга бол ердөө л цалингийнхаа 10%-г хадгаламжиндаа хийх юм. Хэрэв та 700,000 төгрөгийн цалин авдаг бол цалин буух үед хадгаламжиндаа 70,000 төгрөг хий. Энэ нь их үр дүнтэй арга бөгөөд илүү дутуу зүйл бодоод байх шаардлагагүй байдаг. Харин та хэдэн жилийн дараа хадгаламжиндаа чамгүй хэмжээний мөнгөтэй болсон байх болно.
- • Цалингаа авдаг банкин дээрээ очоод сар бүр цалингаас автоматаар хадгаламж руу тань мөнгө шилжүүлдэг үйлчилгээг авч болно. Сард хоёр удаа ч шилжүүлэхээр тохируулж болох бөгөөд эсвэл худалдан авалтын урамшуулалд ирсэн хувиа тогтсон хугацаанд хадгаламж руугаа шилжүүлүүлсэн ч болно.
- • Зарим байгууллагууд дотроо тэтгэврийн нэрийн дансны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд бид энэ талаар дараа дэлгэрэнгүй нийтлэх болно.
12. Сэтгэлээр бүү уна, битгий бууж өг.
Та өөрийгөө их хөрөнгөтэй болж чадахгүй нь гэж боддог байж болно, харин саятан болох боломж бол байдаг шүү. Үүний тулд мөнгө хуримтлуулах шаргуу төлөвлөгөөтэй, түүнийгээ чанд мөрдөх л чухал байдаг. Богино хугацаанд мөнгө хуримтлуулаад авч чадах зүйлээс хамаагүй илүү, сайхан зүйлийг багахан хэмжээний мөнгийг илүү урт хугацаанд хуримтлуулснаар авах боломжтойгоо мэдвэл бүр ч их гайхаж магадгүй. Урт хугацаанд хадгалах тусам таны дансанд бодогдох хүүгийн хүү улам ихээр өсдөг болохыг та хэлүүлэлтгүйгээр мэдэж байгаа болов уу.
Хуримтлалтай болох өмнөх 6 алхмууд-ыг уншина уу. Дараагийн удаад хуримтлалтай болоход анхаарах зүйлийн талаар мэдээлэл нийтэлнэ.
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв