​Гадаадад амьдарч буй хүн Монголдоо зээлээр орон сууц авч болох уу?

  • 2014 / 06 / 03

Уншигчаас ирүүлсэн асуулт:
Сайн байна уу? Би Турк улсад амьдраад 4 жил болж байна. Байрны урьдчилгаа 30 хувь бэлэн болсон. Харин гадаадад амьдарч байгаа болохоор банкны зээлд хамрагдаж болох уу? Яах ёстой вэ? Энэ асуулт гадаадад байгаа Монгол хүн болгонд тохиолдож байгаа болохоор дэлгэрэнгүй тайлбарлаж өгч тусална уу.
Хариулт:
Таны асуултын дагуу ХААН, ХХБ, ХасБанкнаас судалгаа хийж үзлээ.
Бид бүгд “Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд Монголдоо зээлээр орон сууц авч болох уу” гэж ярьцгаадаг.
Ер нь хоёр боломж байдаг.

  1. Гадаадад амьдарч буй хүн өөрийн нэр дээр шууд зээл авах
  2. Монголд ажиллаж амьдарч буй хэн нэгэн гэр бүлийн хүнийхээ нэр дээр зээл авч өөрөө хамтран зээлдэгч нь болох

Энэ хоёр хувилбарыг тус тусад нь судалж үзэв.
Нэг: Гадаадад амьдарч буй хүн өөрийн нэр дээр шууд зээл авах
Хэн нэгэн гадаадад амьдарч буй хүн шууд өөрийн нэр дээр Монголд үйл ажиллагаагаа явуулж буй банкуудаас зээл авах боломж тун хомс байдаг юм байна.
ХасБанкны хувьд “Гадаадад буй Монголчуудад зориулсан орон сууц худалдан авах зээл” гэсэн үйлчилгээг үзүүлдэг ажээ. Уг зээл нь зөвхөн доллароор олгогддог бөгөөд зээлийн хүү нь 2014 оны 6 сарын 3-ны байдлаар сарын 1,12-1,29 хувийн хүүтэй байна. Зээлийн хүү нь таны төлөх урьдчилгаа төлбөрийн хэмжээ зэрэг үзүүлэлтээс хамаарч тогтоогддог байна. Урьдчилгаа төлбөрийн хувьд доод тал нь байрны үнийн 40 хувийг өөрөө төлөх ёстой юм.
Сонирхолтой нь гэвэл та энэ зээлд хамрагдах хүсэлтээ онлайнаар бөглөж болдог юм байна. Энд дарж анкетаа бөглөнө үү.
Товчхон мэдээлэл өгөхөд доорх шалгуурыг хангасан хүмүүс уг зээлийг авах боломжтой байдаг юм байна.

  • Монгол улсын элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулж буй улсад оршин суудаг.
  • Тухайн улсад оршин суух зөвшөөрөлтэй.
  • Худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн төлөх чадвартай.
  • Тус улсын аль нэг байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр 1 жилээс доошгүй хугацаанд ажилласан байх.
  • Өрхийн цалингаас зээл хүүгийн төлбөрийг эргэн төлөх чадвартай, орлогын хэмжээ нь баримтаар нотлогдох боломжтой байх.

Хоёр: Монголд ажиллаж амьдарч буй хэн нэгэн гэр бүлийн хүнийхээ нэр дээр зээл аваад өөрөө хамтран зээлдэгч нь болох
Ихэнх хүмүүс 8%-ийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахыг хүсч байгаа боловч гадаадад ажиллаж амьдарч буй тохиолдолд банкууд тухайн хүнд энэ зээлийг олгохгүй байгаа юм байна.
Харин банк нь өөрийн эх үүсвэрээр олгож байгаа ердийн нөхцөлтэй орон сууцны зээл авах гэж буй бол та Монголд ажиллаж амьдарч буй хэн нэгэн гэр бүлийн хүнээ үндсэн зээлдэгчээр өргөдлийг нь гаргуулаад өөрөө хамтран зээлдэгчээр орж болдог юм байна. Тухайлбал Худалдаа Хөгжлийн Банкны хувьд ийм байдлаар хандахад таны гадаадад олж буй орлогыг өрхийн нийт орлогод нь оруулаад олгох зээлийн хэмжээг тооцож болно.
Дээрх тохиолдолд үндсэн зээлдэгч нь тогтмол орлоготой байхаас гадна та өөрийнхөө гадаадад олж буй орлогыг нотолж чадахуйц байх ёстой юм. Тухайлбал цалин авдаг бол банкны дансны хуулгаа үзүүлэх, эсвэл байрны урьдчилгаа мөнгөө Монголд хуримтлуулсан бол мөнгө шилжүүлж байсан баримтуудаа, дансны хуулгын хамт банкинд мэдүүлэх замаар гадаадад олж буй орлогоо нотлох ёстой юм.
Хэрэв та ийм замаар зээл хөөцөлдөх гэж байгаа бол юуны өмнө Монголд байгаа гэр бүлийн хүнээ шууд банкны Зээлийн ажилтантай уулзуулах нь зөв.
Та банкуудын ердийн нөхцөлтэй орон сууцны зээлийн хүүг нэг дороос үзэхийг хүсвэл энд дарна уу.
Мөн та орон сууцны зээл авсан тохиолдолд сард хэдэн төгрөг төлөхөө тооцохыг хүсвэл энд дарна уу.
Танд амжилт хүсье!

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

Орон сууцны зээлИЙН ТӨРЛҮҮД

Сурталчилгаа