Нийгмийн даатгал төлдөггүй эсвэл багаар төлдөг бол машин лизингдэж болох уу?
Уншигчаас ирүүлсэн асуулт:
Машин зээлээр авахад заавал төр төсвийн байгууллагад ажилладаг байх ёстой юу? Хөдөөний хүмүүс авах боломж байгаа юу? Аль эсвэл мал махны наймаа хийдэг хүн ч юм уу
Хариулт:
Машин лизингээр авахын тулд заавал төр төсвийн байгууллагад ажилладаг байх албагүй.
Заавал цалин гэлтгүй ямар нэгэн бизнес хувиараа эрхлээд орлого олж байгаа хүн бүхэн банкнаас зээл авч машинтай болох боломжтой. Банк таны орлого дээр үндэслэн олгох боломжтой зээлийн хэмжээгээ тогтоодог. Тогтмол цалин авдаг, цалингийн орлоготой хүний хувьд Нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлээд зээл авахад хялбар, хурдан байдаг. Гэтэл нийгмийн даатгалаа хувиараа төлдөг, эсвэл байгууллага нь нийгмийн даатгалыг нь багаар төлдөг, эсвэл бүр огт нийгмийн даатгал төлдөггүй хүмүүс яах вэ гэсэн асуулт урган гарч ирдэг.
Нийгмийн даатгалаа хувиараа (сайн дурын даатгал) төлдөг хүмүүс яах вэ?
Ихэвчлэн хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр орлого олдог гэж мэдүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ багаар төлдөг. Хэрэв тэр орлогыг (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192,000 төгрөгөөр тогтоосон байгаа) таны сард олж буй орлого гэж үзвэл банк танд маш бага хэмжээний зээл олгох буюу та ер нь л машин лизингээр авах боломжгүй болно. Тиймээс та бодитоор олж буй орлогоо банкинд нотлох хэрэгтэй болно.
Үүний тулд сар бүр хэдэн төгрөг олдог болохоо нотолсон бүртгэл буюу бидний ярьж заншсанаар “Хар дэвтэр”-ээ үзүүлэх хэрэгтэй. Хүмүүс өөр өөрийн бизнестээ тааруулан хар дэвтрээ маш энгийнээр хөтөлж явдаг бөгөөд та энэ талаар энэ нийтлэлээс уншина уу.
Таны үзүүлсэн хар дэвтрээс банкны ажилтан сарын ашиг, орлогыг тань тооцон гаргадаг. Гэхдээ зөвхөн үүн дээр үндэслээд зээл олгох шийдвэр гардаггүй. Таны хөтөлсөн бүртгэл, хар дэвтрийг өөр ямар нэгэн албан ёсны баримттай тулган баталгаажуулдаг. Тухайлбал та худалдаа хийдэг бол бараа татан авах үедээ төлбөр төлсөн баримтуудтай тулгах, хэрэв та үйлчилгээ эрхэлдэг бол сарын түрээсийн төлбөрөө төлсөн баримтуудтай тулгах. Мөн орлогоо банкны дансаараа дамжуулан олсон бол тухайн дансны хуулга гэх мэт албан ёсны баримтуудыг нэхдэг бөгөөд түүн дээр бичигдсэн дүн нь таны хар дэвтэр дээрх дүнгүүдтэй таарч байгаа эсэхийг түүвэрчлэн шалгаад хэрэв таарч байвал таны орлого нотлогдлоо гэсэн үг.
Зарим нямбай хүмүүс хар дэвтэртэйгээ хамт төлбөр тооцоо хийсэн чухал баримтуудаа хавсарган үдсэн байдаг. Энэ нь ч сүүлдээ банкинд үзүүлэхэд хялбар байдаг.
Байгууллага нь нийгмийн даатгалыг нь багаар төлдөг хүмүүс яах вэ?
Мөн л дээрхийн адил сард олж буй бодит орлого буюу цалингаа нотлох хэрэгтэй болно. Үүний тулд байгууллагаасаа “Цалингийн тодорхойлолт” гаргуулж авах бөгөөд түүндээ сүүлийн 6-12 сарын хугацаанд гар дээр авсан бодит цалингаа бичүүлээд нягтлан эсвэл даргаараа гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулж авна. Зөвхөн ингээд зогсчихгүй цалингаа банкаар авдаг бол банкны дансны хуулгаа хамтад нь үзүүлэх шаардлагатай болно. Тэгээд байгууллагаас тань тодорхойлсон цалин таны банкны дансанд сар бүр орсон гүйлгээний дүнтэй таарч байвал банк заавал Нийгмийн даатгал төлсөн хэмжээгээр нь бус харин таны гар дээр авсан цалингийн хэмжээгээр таны орлогыг тооцож зээл олгох болно.
Гэхдээ мэдээж хамгийн зөв бөгөөд хялбар арга нь та байгууллагаасаа нийгмийн даатгалын шимтгэлээ үнэн зөвөөр тооцож төлөхийг хүсэх хэрэгтэй.
Нийгмийн даатгал огт төлдөггүй хүмүүс яах вэ?
Хэрэв бизнес эрхэлдэг бол дээрхийн адил хар дэвтрээ холбогдох баримтуудын хамт үзүүлэх, цалингийн орлоготой бол цалингийн тодорхойлолт, банкны дансны хуулгаа хамтад нь банкинд үзүүлэх шаардлагатай болно.
Тэгэхээр хамгийн гол анхаарах зүйл нь та өөрөө бүртгэлээ нарийн хөтөлж явж байвал банк танд зээл олгох нь. Харин сард олж буй орлогоо хөтөлдөггүй хүмүүсийн хувьд зээл олгодоггүй.
Машин лизингээр авахад банкуудын тавьж буй шаардлага, бүрдүүлэх материалууд, хүү, хугацаа зэргийг нэг дороос үзэхийг хүсвэл энд дарна уу.
mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө