Лизинг гэж юу вэ?
Банк санхүүгийн байгууллага нь зөвхөн хадгаламж, зээлийн үйлчилгээнээс гадна бусад төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.
Санхүүгийн түрээс буюу лизинг нь бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмж худалдан авах боломж олгодог. Санхүүгийн түрээсийн зээлээс ялгагдах онцлог нь зээлдэгчийн сонирхсон тоног төхөөрөмжийг зээлдүүлэгч өөрөө худалдан аваад түрээсээр хэрэглүүлдэг. Харин зээлээр худалдан авсан тоног төхөөрөмж нь шууд зээлдэгчийн өмчлөлд шилждэг учраас зээлдүүлэгчийн хувьд илүү эрсдэлтэй байдаг.
Өөрөөр хэлбэл, санхүүгийн түрээсийн үед тоног төхөөрөмжийн үнэ төлөгдөж дуусах хүртэл зээлдэгч өөрөө өмчлөгч нь байдгаараа онцлогтой. Иймээс зээлдэгчид учрах эрсдэл нь бага учир зээлийн нөхцөл нь илүү тааламжтай байдаг.
Санхүүгийн түрээс нь компаниудад үндсэн хөрөнгөтэй болох, тоног төхөөрөмжөө шинэчлэх, бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодит бололцоо олгодог.
ББСБ-ын санхүүгийн түрээсийн үйлчилгээ гэдэг нь Таны сонгосон түрээсийн зүйл (жишээлбэл, машин)-ийн үнийг ББСБ-аас нийлүүлэгч (машин борлуулдаг компани)-д шилжүүлж, харин Та түрээсийн төлбөрийг ББСБ-д төлөх нөхцөлтэйгөөр тухайн түрээсийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхэд зориулан олгогдох нэг төрлийн зээл юм. Үүнийг схемээр харуулбал:
Схем
1. Болд лизингээр машин авах хүсэлтээ ББСБ-д гаргав.
2. ББСБ нь Болдын гаргасан хүсэлтийн дагуу автомашин борлуулдаг компанид түүний өмнөөс төлбөрийг хийнэ.
3. Автомашин борлуулдаг компани нь Болдод машиныг олгоно.
Энэ үйлчилгээ нь санхүүжүүлэх хэрэгсэл гэдэг утгаараа зах зээл дэх санхүүгийн бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх төдийгүй, бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн боломж олгож, цаашилбал дотоодын үйлдвэрлэл болон эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох үйл явцыг дэмждэг ач холбогдолтой.
Санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь зээлтэй харьцуулбал түрээслэгчийн (жижиг, дунд үйлдвэрлэгч) хувьд илүү урт хугацаатай, харьцангуй бага зардалтай санхүүжилтийн эх үүсвэрээс хүртэх боломж олгодог үндсэн давуу талтай. Үүнээс гадна санхүүгийн түрээсийн урьдчилсан төлбөр бага байдгийн зэрэгцээ нэмэлт барьцаа хөрөнгө шаарддаггүй тул зээлтэй харьцуулбал илүү боломжийг түрээслэгчдэд олгодог.
Санхүүгийн түрээсийн хугацаа дуусмагц түрээслэгч уг зүйлийг өмчлөх эрхтэй болно.
Ашигласан сурвалж: ”Санхүүгийн хөтөч’ номноос
Та машины лизингийн хамгийн таатай нөхцөл бүхий банкуудын мэдээлэлийг харахыг хүсвэл энд.
Цахилгаан бараа, тавилгын лизингийн хамгийн таатай нөхцөл бүхий банкуудын мэдээлэлийг харахыг хүсвэл энд тус тус дарна уу?
mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө