Машин авах эхний алхам
Машин авна гээд хойшлуулаад яваад л байсан. Яг шийдээд авахаар зориглож үзээгүй, гэтэл гарцаагүй авахаар болох үед яахаа мэдэхгүй хэцүүхэн байдалд ордог юм байна. Шууд авах бэлэн мөнгө угаасаа байхгүй, хадгалсан хэдэн төгрөг маань хүрэх ч үгүй. Банкнаас зээлээр л авна, өөр аргагүй юм чинь гэж бодоод банкинд очлоо.
Ажлын газартай хамгийн ойрхон ХААН банкны нэг салбар байдаг юм. Тийшээ цайны цагаараа ортол нэлээд их хүмүүс дугаараа хүлээн сууцгааж байна. Очоод дугаар авчихаад, хаалга нь онгорхой өрөөнд сууж байсан хүнээс ... машины лизингийн талаар хаанаас асуух уу? гэсэнд зээлийн эдийн засагч гэсэн цаад өрөөнд орж уулзаарай гэлээ. Нэг хүн надтай адил машины лизинг яриад л уулзаж байна. Түүнийг хүлээж байгаад ороод машин лизингээр авах хэрэгтэй байгаагаа хэллээ. Зээлийн эдийн засагч эхлээд банкныхаа зээлийн хүү, хугацааг хэлж өгөөд надаас дараах асуултуудыг яриан дундуураа асууж байна.
- Хаана ажилладаг
- Хир удаан хугацаанд ажиллаж байгаа
- Цалин хэдийг авдаг
- Нийгмийн даатгал байгууллагаас төлөгддөг эсэх
- Ямар үнэтэй машин авах гэж байгаа
Энэ асуултуудыг асуугаад л ярилцаад надад зээл өгөхөд болохоор юм уу үгүй юу гэдгийг судлаад эхэлчихдэг юм байна. Миний орлогыг арай хүрэхгүй гэж үзсэн юм уу гэр бүлийн хүнээ хамтран зээлдэгч болгох ёстой гээд цаашаа явуургүй байх шинжтэй шүү. Тэгэхээр нь өөртөө нэлээд итгэлтэйгээр машины лизингийн урьдчилгаа 15%-ийг төлөх боломжтой байгаа, цалин бол боломжийн, гэр бүлийн хүн маань хувийн бизнес эрхэлдэг гээд ярьтал орлогоо баталгаажуулсан баримтууд хэрэгтэй, тэгээд бүрдүүлэх материалуудыг бүрдүүлээд ирээрэй гэж байна. Бөглөх маягт байвал аваад явж болох уу гэсээр байгаад бөглөх анкет авчихсан. Өргөдөл өөрөө гараараа бичээд өгч болдог гэж байна. Янз бүрийн баахан өргөдөл, маягт бөглөх шаардлагагүй л юм байна.
Машин авах дараагийн алхам буюу ямар материалууд хэрхэн бүрдүүлсэнийг уншаарай.
Мөн мэдэж байхад илүүдэхгүй зүйлүүдийг хэлж байна лээ. Жишээ нь гэхэд:
- Машин лизингээр авах гэж байгаа бол эхлээд яг ямар үнэтэй аль машиныг авах гээд байгаагаа сонгоод, зарж байгаа хувь хүн эсвэл байгууллага аль банктай хамтарч ажилладаг гэдгийг асуух хэрэгтэй.
- Үүний дараа лизингээр авах гэж байгаа гэдгээ хэлээд нэхэмжлэх бичүүлж аваад дараа нь банкинд хандах юм байна.
- Банкинд хандахдаа мэдээж урьдчилгаа төлбөрийг төлөх чадвартай байгаад зээл авбал зүгээр санагдсан. Хэрвээ бүр урьдчилгааг төлөх ямар ч боломжгүй бол өөрийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгө барьцаалаад 100% машины лизинг байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
- Лизингээр авсан машиныг банкны нэр дээр бүртгээд таныг зээлээ төлж дууссаны дараа таны нэр дээр бүртгүүлдэг гэж байна.
Өмнө нь ч яахаа мэдэхгүй банкинд хандахаас төвөгтэй гэж бодоод суудаг байсан бол зориод явсаных ямар ч байсан хоосонгүй шүү. Бөглөх хоёр анкеттай буцаж ирсэн. Энийгээ бөглөөд очно гэдэг эхний алхам тавигдаад дараагийнх нь банкны зүгээс бүрдүүлж өгсөн материалыг шалгаж судлах ажил эхэлдэг юм байна. Машинтай болох маань ч ойртоод л байна даа.
Ямар нэг ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол яг одоо хийж эхэл, магадгүй зээл авна гэж бодож байгаа бол судал, хаанаас судалж асуухаа мэдэхгүй байгаа бол бидэнд асуулт илгээгээрэй.
Танд амжилт хүсье.
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв