8% зээлтэй холбоотой уншигчдаас ирүүлсэн 12 асуултын хариу
1. Бид хоёр 85 сая төгрөгийн зээл авч чадах болов уу?
Асуулт: Сайн байна уу, би нэг хувийн компанид 700,000₮ цалинтай. Манай хоёр Солонгост ажилладаг. Манайх нийгмийн даатгалаа их багаар төлдөг юм. Тэгээд урьдчилгаа 40 сая өгөөд 125 саяын байранд хамрагдаж чадах болов уу?
Хариулт: Сайн байна уу? Нийгмийн даатгал багаар төлдөг боловч банктайгаа сайн ойлголцвол байгууллагынхаа цалингийн цэсээрээ цалингаа нотолж болдог. Эсвэл цалингаа картаар авдаг бол картынхаа хуулгаар мөн нотолж болдог. Үүнээс гадна нөхөр тань Таны нэр дээр мөнгө явуулдаг бол мөнгө хүлээн авсан баримтаараа мөн орлогоо нотолж болдог. Та 85 сая төгрөгийн зээл авахад хэдэн төгрөгийн орлоготой байх талаар эндээс уншаарай.
2. Зээлээр авсан байраа зараад дахин 8 хувьд хамрагдаж болох болов уу?
Асуулт: Сайн байна уу. Бид байр лизингээр аваад 1 жил болж байгаа юм. 8%-н зээлд хамрагдсан юм. 8%-н банкны зээлд хамрагдсан гэсэн үг л дээ. Харин одоо байршлаа солих хэрэгтэй болоод энэ байрныхаа банкны лизинг төлөөд дахин өөр газар байр авахад банкны 8%-р авч болох болов уу?
Хариулт: Сайн байна уу? 8%-ийн зээлийн журманд 1 хүн хэд хэдэн удаа зээл авахыг хориглоогүй. Тэгэхээр банкны шаардлагаа хангаж байвал дахин зээл авч болно.
3. Заавал нэг жил ажилласан байх ёстой юу?
Асуулт: Hi. 8%-н зээлд хамрагдах гэсэн юм аа. Урьдчилгаа төлбөр байдаггүй ээ. Өөрийн байраа урьдчилгаанд нь барьцаалаад байр авах боломжтой юу? Эхнэр ажилд ороод 10 сар болж байгаа ба 280 мянган төгрөгийн цалинтай. Би төрийн байгууллагад ажиллаж байгаад 1 сард хувийн байгууллагад ажилд орсон. Цалин 750 мянга, хоёр хүүхэдтэй. Зээлд хамрагдаж байр авах боломжтой болов уу? Нөхцөл сайжруулах биш бол өгөхгүй байж магадгүй. Жил ажилласан байх шаардлагатай гэж яриад байх юм. Хариу өгч тусална уу.
Хариулт: Сайн байна уу? Зарим банкинд урьдчилгаанд нь байр тавиад, 8%-ийн зээлд хамрагдах боломжтой. Мөн журманд тасралтгүй 1-ээс доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан байдаг. Сүүлийн үед зарим банкууд бүр нэг байгууллагад 1-ээс доошгүй жил ажилласан байна гэж шаардах болсон байна лээ. Орлогоо нотолж чадахаар бол 8%-ийн зээлд хамрагдах боломжтой. Үнэхээр нэг байгууллагад гэж шаардаад байвал энэ хугацааг нь болохоор зээлээ хөөцөлдөж болох юм.
4. Өөр хүний хамтран зээлдэгчээр орчихсон хүн байрны зээл авч чадах болов уу?
Асуулт: Манай аав ББСБ-с зээл авахдаа хамтран зээлдэгчээр манай нөхөрийг хамтран зээлдэгчээр оруулсан юм,Хамтран зээлдэгч байж 8% зэээлд хамрагдаж болох болов уу,аав маань төлөлтөө цаг тухайд нь төлж байгаа тэр тал дээр бол асуудалгүй нөхөр хүү бид 3 буянт-ухаа 1 хороололд орох гэж байгаа юм тэгээд манай нөхөр аавын маань хамтран зээлдэгч болчихсон болохоор банк зээл өгөхгүй бол яана аа гээд айгаад байх юм бид 2р ер нь бол бусад асуудал дээр бол санаа зовох зүйлгүй байрны урдчилгаа 30% 19,100000 мянга төгрөг 45 сая төгрөг 15 жилээр 8%хамрагдах юм байна лээ урьдчилгаа байгаач хамтран зээлдэгч 8% хамрагдаж болохгүй бол яана аа гэхээс айх юм, та бүхэн энэ тал дээр зөвөлгөө өгч тус болооч.
Хариулт: Сайн байна уу? Хамтран зээлдэгч болсон хүнийг зээл авсан хүнтэй адилтгаж үздэг. Тэгэхээр танай нөхрийг зээлтэй гэж үзнэ. Танай өрхийн орлого аавын тань авсан зээл, одоо авах зээлийг төлөхөд хангалттай хүрэхээр бол асуудалгүй. Хүрэхээргүй бол хамтран зээлдэгчээс болих нь зөв гэж зөвлөж байна. Банк таныг зээл авах үед зээлийн мэдээллийн сангаас танай өрхийн гишүүдийн зээлтэй эсэхийг шалгадаг тул нуух боломжгүй.
5. Ах дүүс бие биендээ байраа зарж болохгүй юм уу?
Асуулт: Сайн байна уу? Би байраа зараад нөхцөлөө сайжруулах гээд өөр байр авч байгаа юм аа. Тэр байраа ахаасаа худалдаж авч байгаа юм. Гэтэл банк ах дүүс бие биеэсээ байр авч болохгүй гээд байх юм. Тийм байдаг юм уу? Энэ талаар зөвлөгөө өгөөч. Яагаад ах дүүс худалдаж авч болохгүй гээд байгаа юм бэ?
Хариулт: Сайн байна уу? Зээлийн журманд ах дүүсээсээ байр авахыг хориглоогүй. Байрны үнэ зах зээлийн үнээс хэт өндөр, эсвэл доогуур биш, мөн урьдчилгаагаа ном ёсоор нь тушаасан бол асуудалгүй л гэж бодож байна. Магадгүй банк таныг байрны нөхцлөө сайжруулах зорилгоор байр авч байгаа гэдэгт үнэмшихгүй байх шиг байна. Бизнесийн зорилгоор байр аваагүй гэдгээ банкинд тайлбарлаж ойлгуулбал зээлд хамрагдах боломжтой.
6. Гадаадад ажиллаж амьдарч байгаа хүн энэ зээлд хамрагдах боломжтой юу?
Асуулт: Сайн байна уу? Би Солонгост сурдаг оюутан. Түүнийхээ хажуугаар ажиллаж 1 сая вонны цалин авдаг. Гэхдээ Солонгост олон жил оюутан байсан болохоор нийгмийн даатгал төлж байгаагүй. Одоохондоо гэрлээгүй. Ийм хүмүүс зээлд хамрагдах боломж байгаа юу?
Асуулт: Швейцарт ажил хийдэг юм аа. Ажлынхаа газраас тодорхойлолт аваад нийгмийн даатгал бас энэ улсад төлдөг зээлд хамрагдаж болох уу?
Хариулт: Гадаадад амьдарч байгаа иргэдэд 8% зээл өгдөг банк одоогоор байхгүй. Харин банкны өөрийн эх үүсвэрээр олгож байгаа ердийн нөхцөлтэй Орон сууцны зээлд хамрагдах боломжийн талаар эндээс уншина уу?
7. 80 оноос өмнө баригдсан байрыг яаж зээлээр авах вэ?
Асуулт: 1980 оноос өмнө баригдсан байр зээлээр авах гэсэн юм. Яаж авах вэ?
Хариулт: Сайн байна уу? 8%-ийн зээлийн журмаар хориглоогүй. Харин банкууд эрсдэлээ бодоод олгохгүй байгаа бол хэн ч албадаж чадахгүй.
8. Одоо зээл авчихаад оны сүүлээр нэмж 8% зээл авбал батлагдах болов уу?
Асуулт: Сайн байна уу? Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ оны сүүлээр банкнаас 8%-н байрны зээл авах санаатай байгаа юм. Тэрнээс нь өмнө би машины эсвэл цалингийн зээл авбал 8%-н зээл авахад сөргөөр нөлөөлөх болов уу?
Хариулт: Сайн байна уу? 8%-ийн зээлээ хөөцөлдөхөөс өмнө бусад зээлээ дуусгасан байвал таны орлогыг бүтнээр 8%-ийн зээлд тооцно. Дуусгаагүй бол таны орлогоос бусад зээлийг хамт төлнө гэж тооцоод, таньд олдох 8%-ийн зээлийн хэмжээ багасах талтай. Харин өмнө зээл аваад, хугацаандаа дуусгасан тань сайнаар нөлөөлнө.
9. Нөхөр маань ажилтай, би ажилгүй бол зээл авах боломжтой юу?
Асуулт: Сайн байна уу? Нөхөр маань нийгмийн даатгал 1 жил төлсөн, үндсэн цалин нь 500,000₮. Гэхдээ нэмэгдэл орлого нийлээд 1,800,000-г бодуулдаг. Гар дээр авдаг яг цэвэр цалин нь 1,000,000₮. Би өөрөө ажил хийдэггүй, нийгмийн даатгал төлдөггүй. Бид 2 зээлээр байр авах боломжтой юу? 45-50 сая төгрөгийн байр сонирхож байгаа юм аа. Дүү маань нөхрийн цалинтай ижил авдаг бас нийгмийн даатгал 1.5 жил төлж байгаа.
Хариулт: Сайн байна уу? Та нөхрийнхөө нэр дээр, нөхрийнхөө цалинд тохирсон хэмжээний байрны зээл авах боломжтой. Учир нь орон сууцны зээл дээр заавал 2-уулаа орлоготой байхыг шаарддаггүй. Зээл авах банк танаас өөр хамтран зээлдэгч шаардвал дүүгээ оруулж болох юм. Танай гэр бүлд хэдэн төгрөгийн орон сууцны зээл оногдож болохыг эндээс үзнэ үү?
10. Заавал хамтран зээлдэгчтэй байж байж 8% зээл авах уу?
Асуулт: Сайн байна уу энэ өдрийн мэнд? би нэг хувийн компанид ажилладаг юм, сарын цалин нэг сая найман зуун мянга ганц бие, тэгтэл байрны зээл авах гэсэн хамтран зээлдэгчтэй/батлан даагч/ байх ёстой гэж ойрын найзууд минь хэлсэн юм, энэ талаар хариулж өгнө үү? баярлалаа
Хариулт: Сайн байна уу? Орон сууцны зээл нь урт хугацааны зээл тул заавал хамтран зээлдэгчтэй байхыг шаарддаг. Хамтран зээлдэгчээр аав, ээж, ах, дүү зэрэг ургийн холбоотой хэн нэгнийг оруулж болно.
11. Би өөрөө биш манай аав ээж, манай нөхөртэй хамтран зээлдэгчээр зээл авч болох уу?
Асуулт: сайн байна уу ? манай өрхийн сарын орлого 1200000 төг би өөрөө багш цалингийн зээлтэй. тийм болохоор нөхрийн нэр дээр
хамтран зээлдэгчээр тэтгэврийн аав ээжийгээ оролцуулан 8%-н зээлд хамрагдаж болох боломжтой юу? хариуг яаралтай өгнө үү?
Хариулт: Хамтран зээлдэгчээр аав, ээж, ах, дүү зэрэг ургийн холбоотой хэн нэгнийг оруулж болно. Харин тухайн хамтран зээлдэгчээр
орсон хүн нь Монгол банкны мэдээллийн санд зээл авсан мэтээр давхар бүртгэгдэх болно. Үүнийг анхаарна уу.
12. Байрны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлээд урьдчилгаанд тавиад зээл авч болох уу?
Асуулт: Сайн байна уу? 8%-н зээл авах гэсэн урьдчилгаа 30% гэсэн байр тавих гэсэн миний нэр байхгүй одоо нэр дээрээ шилжүүлэг хийгээд хамрагдаж болох уу?
Хариулт: Сайн байна уу? Хэдийгээр таны нэр уг байрны гэрчилгээн дээр орсон ч гэсэн банкууд УБЕГ-с уг байрны эзэмшигчийн талаар түүхчилсэн лавлагаа гаргуулж авдаг. Хэрэв тэр лавлагаанаас үзэхэд таны нэр дөнгөж сая бичигдсэн байвал таныг тухайн байрны өмчлөгч гэж үзэхгүй байх нь нийтлэг байдаг. Иймээс боломж муутай.
Mongo.mn - Банкны үйлчилгээг нэг дороос