Зээлээр орон сууц, хашаа байшинтай болох хүсэлтэй хүмүүст тулгарч буй бэрхшээл
Зээлээр орон сууц, хашаа байшинтай болох хүсэлтэй хүмүүсийн 90 хувь нь 22-43 насныхан байна. Ид ажил хөдөлмөр эрхэлж буй залуучуудын үндсэн хэрэгцээний нэг нь байр, орон сууц болох нь эндээс харагдана. Нөгөө талаас 22-43 насныхан насанд хүрэгчдийн 55 хувийг эзэлдэг. Байр, орон сууцтай болох нь Монголчуудын нийтлэг хэрэгцээ ажээ.
Тэд дунджаар 73 сая төгрөгийн орон сууц эсвэл 27 сая төгрөгийн хашаа байшинтай болохыг хүсч байна.
Гэвч орон сууцны зээлд хамрагдахыг хүсч буй хүмүүсийн дөнгөж 17 хувь нь ипотекийн зээлийн шалгуурыг хангаж байна. Хашаа байшингийн зээл хүсч буй хүмүүсийн хувьд байдал бүр хүнд. Тэдний ердөө 9 хувь нь банкнаас тавьж буй зээлийн шалгуурыг иж бүрэн хангаж байна.
Зээлийн шалгуур хангахгүй байгаа хүмүүст тулгарч буй бэрхшээлүүдийг авч үзвэл:
- Урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй
- Ажилласан жил хүрэхгүй
- Орлого хүрэлцэхгүй
- Орлого нотлох боломж муу
зэрэг бэрхшээлүүд түлхүү тулгарсан байна.
График 2:
Тухайлбал зээлээр “хашаа байшин”-тай болох хүсэлтэй хүмүүсийн 20 орчим хувь нь буюу таван хүн тутмын нэг нь л банкны шаардаж буй 30%-ийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлжээ. Үлдэх 80 хувь нь урьдчилгаа төлбөрөө цалин орлогоосоо гүйцээж хуримтлуулахад дунджаар 8 сарын хугацаа шаардагдахаар байна. Хэрэв хашаа байшингийн зээлийн хувьд урьдчилгаа төлбөрийг 30% биш 20% болгон бууруулбал урьдчилгаа төлбөрийн шалгуур хангах хүмүүсийн тоо 2,6 дахин, зээлийн шалгуур хангах хүмүүсийн тоо 2 дахин өсөх боломжтой байна. Хашаа байшингийн зээлийн хүүг жилийн 18 хувиар тооцсон бөгөөд хэрэв энэ хүүг бууруулбал хүмүүсийн төлөх нийт хүү хэрхэн буурах, мөн зээлд хамрагдах боломжтой хүмүүсийн тоо хэрхэн нэмэгдэхийг банк, санхүүгийн салбарынхан ч мөн адил тооцож үзэх шаардлагатай.
“Орон сууц”-ны зээлд хамрагдах хүсэлтэй хүмүүс зээлээ жилийн 8 хувийн хүүтэйгээр авна гэж тооцвол 63 хувь нь зээл болон хүүгээ төлөхөд орлого нь хангалттай хүрэлцэнэ. Хэрэв банкны өөрийн эх үүсвэртэй зээл буюу жилийн 18 хувиар тооцож үзвэл энэ тоо 35 хувь болтол буурч, боломж нь хоёр дахин багасах тооцоо гарав.
Хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн санхүүжилтийн арга хэрэглэн орон байртай хүмүүсийн тоог нэмэгдүүлж болох ч орон сууц, хашаа байшингийн үнийг хөөрөгдөхгүйгээр үүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь бодлого тодорхойлогч нарын оновчтой шийдвэрээс ихээхэн хамаарахаар байна.
Дашрамд дурдахад:
- Урьдчилгаа төлбөр - 30%
- Ажилласан жил - 1-2 жил
- Өр орлогын харьцаа - 45% - 55% (Энгийн зээлд 55 орчим хувь)
- Орлого нотлох - НД болон татвар төлсөн байдлаар тогтоож байгаа
“Зээлээр орон сууц, хашаа байшинтай болох хүсэлтэй хүмүүсийн судалгаа”-г mongo.mn сайтын хамт олон сүүлийн 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүнтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл 9999-8626 утсаар холбогдох, эсвэл damdinjav@mongo.mn хаягаар мэйл бичнэ үү.
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв