​Ажилд орох эсэхийг таны Фэйсбүүк профайл шийднэ

  • 2014 / 04 / 21

Аарон Санкин, 2014 оны 4 сарын 15
Компани шинээр ажилтан авах үедээ өргөдөл гаргасан хүмүүсийн тодорхойлолт, CV зэрэгт илэрхий алдаа байгаа эсэхийг шалгах, анкетанд дурдагдсан компаниуд үнэхээр байдаг эсэхийг нягтлах мэтээр наад захын зүйлсийг зайлшгүй шалгадаг. Олд Домионы Их Сургуулийн судлаачдын саяхан хийсэн нэгэн судалгаанд дээрх зүйлсийг шалгахаас гадна найдвар төрүүлж буй ажил горилогчдын хувьд Фэйсбүүк хуудастай нь нэмж танилцах нь зүйтэй хэмээн зөвлөсөн байна.
Хэдийгээр Та өөрийнхөө талаар хангалттай сайн мэддэг ч Фэйсбүүк үүнээс ч илүүг мэддэг болох нь тогтоодсон байна.
Уг судалгаанд хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг 146 оюутан хамрагдсан юм. Оюутан бүр зан чанарын тест бөглөсний зэрэгцээ, фэйсбүүк хуудасны профайлаа судалгааны багийнхнаар судлуулахыг зөвшөөрсөн бөгөөд судлаачид тэдний зан чанарыг эерэгээс сөрөг гэсэн үзүүлэлтээр хэмжсэн байна.
Дараа нь уг үзүүлэлтүүдийг оюутан бүрийн ажлын гүйцэтгэлтэй нь харьцуулжээ. Үүний үр дүнд аливаа хүний Фэйсбүүкийн танилцуулга нь тухайн хүний ажлын гүйцэтгэлийг таамаглах чухал үзүүлэлт болдог төдийгүй тухайн хүний бичиж өгсөн өргөдөл, бөглөсөн тестээс ч илүүтэй нарийн таамаглах бололцоог олгодог болохыг уг судалгааг гүйцэтгэсэн Кэйтлин Каваноу, Ричард Ландэрс нар олж тогтоожээ.
Эдгээр үнэлгээ нь зөвхөн ажлын гүйцэтгэлийг урьдчилан хэлж өгөөд зогсохгүй тухайн оюутны сурлагын үзүүлэлттэй ч илүү нарийн харилцан хамааралтай болох нь тогтоодсон байна.
Ялангуяа тухайн хүний зан байдлын талаар олон жилийн мэдээлэл хадгалагдаж байдаг тул Фэйсбүүк мэтийн олон нийтийн сүлжээний мэдээлэл нь ажилд орох үед бөглөдөг нэг удаагийн тестээс хамаагүй давуутай байдаг байна.
“Хүмүүс өөрсдийн зан харилцааны талаар илүү үнэнд ойр мэдээллийг ажилд орох өргөдлийн маягт дээрээ бус Фэйсбүүк профайл дээрээ тавьдаг байна. Энэ ч утгаараа Фэйсбүүк дээрх мэдээлэл нь тухайн хүний сурлагын амжилт төдийгүй ажлын гүйцэтгэлтэй ч илүү нийцтэй байдаг. Тухайн хүний ажлын гүйцэтгэл болон сурлагын амжилтанд нөлөөлөхүйц хангалттай хэмжээний мэдээлэл тэнд байдаг” хэмээн судлаачид тэмдэглэжээ.
Энэхүү судалгааны үр дүн нь олон жил ажилд горилогчдын өргөдлийг судалж байгаа хүний нөөцийн мэргэжилтнүүдийг ангайлгахгүй ч байж магадгүй юм. Учир нь 2009 онд хийгдсэн өөр нэг судалгаанд ажил олгогчдын 45 хувь нь ажил горилогчдыг үнэлж дүгнэхдээ олон нийтийн сүлжээнд байршуулсан профайлыг нь ашигладагаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд 35 хувь нь тэдгээр профайлд байсан мэдээлэл дээр үндэслэн зарим ажил горилогчдод татгалзсан санал өгсөн болохоо мэдэгдсэн байна.
Гэхдээ олон нийтийн сүлжээг ашиглан ажил горилогчдыг үнэлэх нь бас нилээд асуудалтай. Өнгөрсөн оны сүүлээр Менежментийн сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаанд коллежоо төгсөөд ажилд орохоор өргөдөл гаргасан оюутнуудын профайлд хүний нөөцийн мэргэжилтнүүдээр үнэлгээ хийлгэсэн байна. Энэхүү судалгаагаар тухайн оюутнууд ажил дээр гараад үзүүлсэн ажлын гүйцэтгэлтэй нь мэргэжилтнүүдийн урьдчилан хийсэн үнэлгээ хэр ойр байгааг олж тогтоохыг оролдсон боловч чадаагүй байна.
Мөн "Цагаан арьстан биш" хүмүүс үнэлгээ доогуур гарах хандлагатай байдгийг тогтоосон байна. "Манай судалгаанаас харахад Өнгөт арьстан болон Испани гаралтай хүмүүсийн Фэйсбүүк хуудсыг нь ашиглан үнэлэх нь үнэлгээний дүнд сөрөг нөлөөтэй байж болзошгүй" хэмээн судалгааг хийсэн Филип Рот Форбст ярьжээ. (Мөн биечлэн ярилцлага хийх үед ч дээрхтэй ижил зүйл гарч болзошгүй байгаа юм.)
Олон нийтийн сүлжээг ашиглан ажилд авах эсэх шийдвэр гаргахын бас нэг аюултай тал нь гэвэл Фэйсбүүкийг ашиглан олж авсан өчүүхэн төдий мэдээлэл нь ажил олгогчийг шүүхэд дуудагдах үндэслэл ч болж магадгүй юм. Жишээ нь ажилд авч буй менежер ажил горилогчийн профайл руу нь орж түүнийг ижил хүйстэн эсвэл тодорхой нэг шашин шүтдэг гэдгийг нь мэдэж аваад тухайн ажил горилогчид татгалзсан хариу хэлсэн бол шашны итгэл үнэмшил буюу бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхсан хэмээн уг менежерийг шүүхэд ч өгч болно.
Сүүлийн үед ихэнх хүмүүс өөрсдийн профайлаа хаалттай байлгадаг болсон учраас ажил олгогч шууд мэдээлэл олж авч чадахаа байсан. Тиймээс зарим компаниуд ажилд орохыг хүсэгчдийг нууц үгээ хүний нөөцийн менежерт өгч мэдээлэл авах боломжоор хангахыг шаардаж эхэлсэн. Калифорниос авхуулаад Делавар хүртэл арваад мужууд үүнийг хориглосон хууль батласан боловч Бүгд Найрамдах Намын эсэргүүцлийн улмаас энэхүү хоригийг хүчингүй болгосон байна.

холбоотой мэдээлэл http://www.mongo.mn/c/121

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БАНКУУДЫН ХҮҮГ ХАРЬЦУУЛАХ

Сурталчилгаа