​Та сард хэдэн төгрөгний цалин авдагаа мэдэх үү?

  • 2014 / 04 / 02

Энэ асуултанд хүмүүс янз бүрээр хариулдаг. Зарим хүмүүс шууд л өөрийнхөө сарын үндсэн цалин буюу албан тушаалын цалингийнхаа хэмжээг хэлдэг бол зарим нь үндсэн цалин дээрээ нэмэгдэл, хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, хоол, унааны олговрынхоо дүнг нэмж хэлдэг. Гэтэл зарим хүмүүс яг гар дээрээ авдаг мөнгөнийхөө дүнг хэлдэг. 

Харин цалингаасаа хэдэн төгрөгийг яагаад, ямар хувь хэмжээгээр юуны татвар, шимтгэлд суутгуулаад Таны гар дээр ийм хэмжээний мөнгө ирж байна вэ гэсэн асуултанд хүн бүр тодорхой хариулт өгч чадах болов уу? Тэгвэл энэ нь ажилтан Таны зайлшгүй мэдэж байх ёстой зүйл шүү гэдгийг сануулмаар байна.  

Иймд Таны цалингаас юуны татвар, шимтгэлд ямар хэмжээгээр суутгал хийдгийг дараах хялбархан жишээн дээр тайлбарлая.  

Нэгэн компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан Булганы нэг сарын үндсэн цалин 400.000 төгрөг юм байна. Энэ тохиолдолд ажилтан Булган нэг сард гар дээрээ яг хэдэн төгрөгийн цалин авахыг хамтдаа тооцож үзье.   

А.Нийгмийн даатгалын шимтгэлд:  

“Нийгмийн даатгалын тухай хууль”-д заасны дагуу ажилтан Булган нэг сарын 400.000 төгрөгний цалингаасаа тэтгэврийн даатгалын шимтгэлд 7.0 хувь, тэтгэмжийн даатгалын шимтгэлд 0.8 хувь, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд 0.2 хувь, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2 хувь, (тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэмжийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл бүгд нийлээд) нийтдээ 10 хувийн шимтгэл төлөх ёстой. Эндээс тооцоолж үзвэл ажилтан Булганы нэг сарын 400.000 төгрөгний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлд (400.000 төгрөгний 10 хувь нь 40.000 төгрөг болж байна.) 40.000 төгрөгийг суутгаж авна.   

/ Жич: 1,920,000 төгрөгнөөс дээш цалинтай хүн нийгмийн даатгалд хамгийн ихдээ 192,000 төгрөг төлнө/.    

Б.Хувь хүний орлогын албан татварт: 

“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу ажилтан Булган нь 10 хувийг хувь хүний орлогын албан татвар төлөх үүрэгтэй. “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д цалин хөлс, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж болон тэдгээртэй адилтгах орлого (хоол, унаа, түлш, байрны үнийн хөнгөлөлтийн орлогод мөн хувь хүний орлогын албан татвар ногдуулахаар заасан)-оос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээс хувь хүний орлогын албан татвар ногдуулахаар заасан байдаг.   

Мөн “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу хувь хүний орлогын жилийн албан татвараас 84.000 төгрөгийн, сарын татвараас 7.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг. Тэгвэл ажилтан Булган нэг сарын цалингаасаа хүн амын орлогын албан татварт хэдэн төгрөг төлөхийг тооцоолж үзье. Булганы нэг сарын цалин 400.000 төгрөгөөс эхлээд нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 40.000 төгрөгийг хасахаар 360.000 төгрөг болно.  

Ингэхээр ажилтан Булган 360.000 төгрөгөөсөө 10 хувийг хувь хүний орлогын албан татварт 36.000 төгрөг төлөхөөр байгаа боловч “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу Булганд 7.000 төгрөгний татварын хөнгөлөлт үзүүлэхээр заасныг хасвал Булган энэ сард 29.000 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт төлнө.   

Энэ бүгдийн эцэст Булган нэг сарын 400.000 төгрөгний цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлд 40.000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 29.000 төгрөг, хоёулаа нийлээд 69.000 төгрөгийг татвар, шимтгэлд төлж байна.  

Ингэхээр Булган нэг сард бүх татвар, шимтгэлээ суутгуулаад яг гар дээрээ 331.000 төгрөг авна.    

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа