Муу зээлдэгч – Муу хүн биш
Муу зээлдэгч – Муу хүн биш
Муу нэрийг хусавч арилахгүй – Энэ банкны зээлд хамаатай юу?
Банк гэдэг нь энгийнээр хэлбэл ард иргэдээс хадгаламж цуглуулаад, түүнийгээ буцаан зээлдэж ашиг олдог байгууллага юм. Иргэдэд олгох зээл нь банкуудын хувьд лангуун дээр байгаа бараа юм. Харин зээл авсан хүн зээлээ төлөхгүй бол анх хадгаламж хийсэн хүнд мөнгийг нь буцааж өгч чадахгүйд хүрнэ. Иймээс өгсөн зээлээ хугацаанд нь буцааж авч байх нь банкны гол ажил юм.
Нарантуул захын бүх бизнес эрхлэгч миний бараанаас аль сайн зарагдаж байна, аль муу зарагдаж байна, аль нь зарагдахгүй байна гэдгийг байнга ажиглаж, бараагаа ангилж байдаг. Үүнтэй адил банк бусад бизнес эрхлэгчдийн адил олгосон зээлээ хэн нь хугацаандаа төлж байна, хэн нь хугацаанаас хэтрүүлэн төлж байна, хэн нь огт төлөхгүй байна гэдгийг ажиглаж, бараагаа ангилж байдаг. Хугацаандаа төлж байгаа нь сайн зарагдаж байгаа бараа, хугацаа хэтрүүлж төлж байгаа удаан боловч зарагдаж байгаа бараа, огт төлөхгүй байгаа нь зарагддаггүй бараа буюу “муу зээл” гэсэн ангилалд ордог ажээ.
Нэгэнт “муу зээл” гэдэг ангилалд орсон бол зарагддаггүй барааг ямар ч бизнес эрхлэгч дахин татдаггүйн адил банк ч дахин тийм зээл олгохгүйг хичээх нь зүйн хэрэг.
Өөрөө тийм зээл олгохгүйн зэрэгцээ бусад банкуудаа мөн тийм зээлээс олгохоос сэрэмжлэхийн тул зээлээ төлдөггүй иргэний мэдээллийг “зээлийн мэдээллийн сан”-ийн“хар данс”-нд оруулдаг байна. Энэ санд таны зээлийн мэдээлэл хуримтлагдаж, түүх болон хадгалагдана. Энэ түүхийг банкууд зээл олгохдоо ашигладаг.
Зээлийн мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээллийг замын хөдөлгөөний дүрэмтэй, зээл авч байгаа таныг замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочтой жишиж болох юм. Та дүрмээрээ яваад байвал таныг хэн ч зогсоохгүй, хэн ч саад хийхгүй. Харин зээлээ төлөхгүй бол дүрэм зөрчсөн гэж үзээд шүгэл тас хийнэ.
Анх удаа юм уу, бага зэргийн зөрчил гарсан бол зээлийн дүн багасах, хүү өндөрсөх зэрэг нөлөөтэй. Том зөрчил буюу зээл төлөх бүртээ хугацаа хоцроосон, эсвэл 1 удаа ч гэсэн удаан хугацаагаар төлөөгүй бол таны жолооны эрх хасагдах буюу дахин зээл олдохгүй байх магадлалтай.Гэхдээ зөрчил гаргасан бол насан туршдаа зээл авч чадахгүй болно гэсэн үг биш.
Жолооны эрхээ хураалгаад, тохирсон шийтгэлээ хүлээгээд, эрхээ сэргээн машинаа дахин барьдагтай адил зөрчил гаргасан ч дараагийн зээлээ аваад, гэрээгээр тохирсон хугацаандаа дуусгасан бол таныг эрхээ сэргээсэн жолоочтой адилтгаж үзнэ.
МЭДЭЭЖ ХҮН АЛДДАГ, АЛДААГАА ЗАСАХ ЗАМ ҮРГЭЛЖ БАЙДАГ
Санхүүгийн мэдлэгээ дээшлүүлье гэвэл:
http://www.mongo.mn/c/128 хадгаламжийн хүү тооцох
http://www.mongo.mn/c/120 зээлийн хүү тооцох
mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө