“Муу зээлтэй” гэсэн мэдээллийг хэрхэн арилгуулах вэ?
Сүүлийн үед уншигчид маань зээлийн муу түүхээ хэрхэн арилгах талаар их асуулт ирүүлэх боллоо.
Нэгэнт муу зээлтэй гээд бүртгэгдсэн бол банкууд ч зээл олгохгүй хүнд байдалд ордог байна.
Тухайлбал:
- Хүүхдэдээ зээл аваад өгчихсөн, харин хүүхэд нь хугацаанд нь төлөхгүй байсаар байгаад “Зээлийн мэдээллийн сан”-д муу зээлдэгч гэж бүртгэгдсэн
- Цалингийн зээл авчихсан байж байгаад эмнэлэгт удаан хугацаагаар хэвтсэний улмаас зээл нь хугацаа хэтэрч муу зээлийн ангилалд бүртгэгдсэн
- Өнгөрсөн онд ББСБ-с машинаа барьцаалж зээл авчихаад төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Одоо банкнаас зээл авах гэхээр зээлийн муу түүхтэй байна гээд зээл өгөхгүй байна.
Гэх мэт олон олон жишээ, асуултууд бидэнд ирж байна. Иймд энэ талаар товч зөвлөгөө өгөхөөр бэлтгэлээ.
Бид:
- Муу зээл гэж юу вэ? Ямар тохиолдолд үүнд бүртгэгддэг вэ?
- Нэгэнт бүртгэгдсэн бол үүнийг арилгах зам байгаа эсэх талаар танилцуулъя.
Муу зээл гэж юу вэ? Ямар тохиолдолд үүнд бүртгэгддэг вэ?
Арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагааг хянаж байхын тулд олгосон зээлүүдийнх нь чанарт хяналт тавьж байх журмыг Монгол банк батлан банкууд үүнийг нь мөрдөж ажилладаг билээ.
Уг журмын дагуу:
Банкууд олгосон зээлээ
1/ Хэвийн;
2/ Хугацаа хэтэрсэн;
3/ Чанаргүй, үүнд:
- хэвийн бус;
- эргэлзээтэй;
- муу.
гэж ангилдаг. Харин таны хувьд муу зээлийн ангилалд бус “Чанаргүй” зээлийн ангилалд бүртгэгдээд зээлээ хугацаанд нь төлж дуусгаагүй бол банк дахин зээл олгохгүй байх талаар уг журамд заасан байдаг.
Харин танд зээл олгосон банк нь зээлээ хугацаандаа төлж байгаа эсэх болон бусад чанарын үзүүлэлтийг харгалзан таны зээлийг ангилж, бүртгэж байдаг байна.
Бүх банк болон ББСБ-ууд нь олгосон зээлүүдээ хэрхэн ангилсан талаар мэдээгээ Монголбанкинд хүргүүлдэг бөгөөд тэнд төвлөрсөн “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгддэг юм.
Тэгэхээр хэрэв та зээлээ хугацаанд нь төлөөд явбал ямар ч асуудалгүй.
Харин чанаргүй зээлийн ангилалд ороод энэ нь Монголбанкинд байх “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгдсэн бол хүмүүсийн дээр дурдаад байгаа асуудлууд урган гарч ирнэ.
Амьдрал баян тул ямар ч асуудал тулгарч болно. Харин нэгэнт чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн бол яах вэ?
Танд зөвлөхөд, уг зээлийг бүрэн төлж дуусгахаасаа өмнө тухайн үеийн байдлаар төлөх ёстой дүнгүүдээ төлчихөөд зээл олгосон банкиндаа хүсэлт гаргах хэрэгтэй юм. Зээл төлөхөд гарсан хүндрэлээ тусгаад, одоо үлдсэн зээлийг цаашид хэвийн төлөх боломжтойгоо бичээд хүсэлтээ гаргана. Хэрэв банк таны хүсэлтийг хүлээн аваад танд олгосон зээлийг “Чанаргүй” ангиллаас хассан тохиолдолд мэдээллийг Монголбанк руу явуулж “Зээлийн мэдээллийн сан”-д таны зээлийн талаарх мэдээлэлд зохих өөрчлөлтийг оруулдаг.
Хэрэв ингэж зээлийн талаарх мэдээллээ хэвийн болгуулж авсан тохиолдолд танд дараа дараачийн зээлээ авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй.
Анхааруулж хэлэхэд банкин дээрээ хэвийн зээлийн ангилалд бүртгэсэн ч гэсэн энэ нь Монгол банкинд байх “Зээлийн мэдээллийн сан”-д хэвийн болж давхар бүртгэгдсэн эсэх талаар лавлагаа гаргуулан шалгахад гэмгүй шүү.
Холбоотой нийтлэлийг эндээс уншина уу.
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
mongo.mn - хамгийн ашигтайг зөвлөнө