“Залгигдсан” карт хаана хэд хонох вэ?
Банкуудын бэлэн мөнгөний машинтай холбоотой нэлээд олон асуултууд бидэнд ирсэний дагуу эхнээс нь та бүгдэд дэлгэрэнгүй тайлбарлан хүргэж байна.
Үүний өмнө АТМ-ны шимтгэлийн талаар мэдээлэл нийтэлсэн бол энэ удаа АТМ-д картаа хураалгасан тохиолдолд яах ёстой вэ? гэдгийг бичлээ.
Ер нь ямар учраас бэлэн мөнгөний машин таны картыг хураагаад авчихдаг юм бол...
- • Та картаа АТМ-д хийсний дараа 30 секунд ямар ч үйлдэл хийхгүй бол карт хураагдана
- • Мөнгө гарч ирсэнээс хойш 30 секундэд карт болон мөнгөө авахгүй бол карт хураагдана
- • Таны картны хугацаа дууссан, систем дээр хаагдсан тохиолдолд карт хураагдах болно
- • Пин кодоо 3 удаа буруу хийвэл карт хураагдана
- • Гэмтэлтэй, хулгайд алдагдсан карт АТМ-д хураагдана
Харин карт АТМ-д хураагдчихвал хамгийн эхлээд яах ёстой вэ?
- • Жишээлбэл та Төрийн банкны картаа тухайн банкны АТМ-д хураалгасан бол ойролцоох Төрийн банкны салбарт очиж мэдэгдээд хэзээ, хаанаас картаа авахаа асуух шаардлагатай
- • Харин Төрийн банкны картаа бусад банкны АТМ-д хураалгасан тохиолдолд ч Төрийн банкнаасаа л лавлаж, төв эсвэл аль салбараас нь очиж авахыг асуух ёстой
Хүмүүсийн дунд карт хураалгахтай холбоотой буруу гэмээр ч юм уу нийтлэг зуршил ажиглагдсан нь яг АТМ-аас мөнгөө авах гээд очихоороо хэдэн төгрөг авах вэ? гэдгээ эсвэл мөнгө шилжүүлэх хүнийхээ данс, картны дугаарыг утсаар асуугаад цааш үйлдэл хийхгүй зогсчихдог. Эдгээр байдал үргэлжлэн 30 секунд дороо өнгөрч карт хураагдах нөхцөл болдог байна. Үүний эсрэг зөв шийдлүүд нь:
- - АТМ-д олон хүн дугаарлаж байвал хүлээх зуураа ойролцоогоор картанд хичнээн төгрөг байгаа билээ, хэдийг авбал тохиромжтой бол гэдгээ тооцчих хэрэгтэй
- - Хэрвээ та харилцдаг банкныхаа мобайл банк үйлчилгээнд бүртгүүлчихсэн, ашигладаг бол энэ хамгийн зөв арга /хүссэн үедээ хаана ч байсан картандаа хэдэн төгрөг байгаагаа мэдэж чадна/ тэгээд АТМ-аас хэдийг авахаа аль хэдийнээ тооцох боломжтой
- - Харин АТМ-аар шилжүүлэг хийх гэж байгаа тохиолдолд хүлээн авагчийнхаа картны 16 оронтой дугаар эсвэл дансны 10-12 оронтой дугааруудыг утас, дэвтэр юм уу цаасан дээр тэмдэглэж ирээд харах нь найдвартай /утсаар асуухад буруу зөрүү сонсох магадлалтай/
Карт хураалгах талаар бичиж байтал нэг танилын яриа санаанд орлоо. Тэрээр өнгөрсөн зун гэрийнхэнтэйгээ хөдөө амрахаар явжээ. Маршрутаа гаргачихсан Улаанбаатараас гараад Дархан, Сэлэнгэ гээд явж байгаад замдаа хоол идэх, шатахуун нэмж авах, ойр зуур хэрэглэх юм дахин авахаар мөнгө хэрэгтэй болж, Сэлэнгийн төв оржээ. Гэтэл Худалдаа Хөгжлийн Банкны карттай байдаг, харин тэнд тус банкны салбар, АТМ нь байсангүй. Тэгээд ХААН банкны АТМ-аас мөнгө авах гэж байгаад картаа хураалгачихсан байна. Мөнгө ч үгүй, карт ч үгүй хэсэг зогсоод ХААН банкны АТМ дээрх холбогдох утсаар ярьсан гэнэ. Тэгтэл ХААН банкны карт биш учраас шууд хотын Худалдаа Хөгжлийн Банкны төв рүү илгээдэг, та Худалдаа Хөгжлийн Банкнаас лавлаарай гэсэн байна. Тэндээс асуутал Сэлэнгээс ажлын 14 хоногийн дараа ирэх учраас картаа Худалдаа Хөгжлийн банкны төвөөс бичиг баримттайгаа ирж авах боломжтой гэжээ. Ингээд яахаа бодож найз руугаа ярьж ХААН банкаар регистерээрээ шилжүүлэг хийлгэж мөнгөтэй болсоноо ярьж байсан юм.
Иймэрхүү жишээнүүд амьдралд тохиолдох шүү дээ, харин яаж гарах арга замаа л оновчтой олж сурах чухал юм.
Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.
Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв