​Зээлээр байртай болсон түүх-4: Орлогоо баталгаажуулж сурсан нь

  • 2014 / 05 / 08

Өмнөх нийтлэлээр цалингаа авдаг банктайгаа уулзаад, ажлаа маш хурдан бүтээсэн төдийгүй ойролцоогоор хэдэн төгрөгийн зээл авах боломжтойгоо өөрөө тооцож сурсан тухай та бүхэн уншсан байх. Харин өнөөдөр харьцуулах зорилгоор сонгосон банктай уулзах үед болсон явдлыг өгүүлье.
Харьцуулах зорилгоор сонгосон банкны ажилтантай ярилцсан нь:
Өглөө эртлэн босоод банк руу очлоо. Орж очоод үүдний хамгаалагчид зээл сонирхож явна гэдгээ хэлтэл гайхсан байртай том харснаа эдийн засагчтай уулз гээд, баруун хойд талын шилэн өрөө рүү эрүүгээрээ заалаа. Дотроо жаахан гайхасхийгээд, шилэн өрөөгөөр шагайтал тоож байгаа хүн алга. Тэгэхээр нь шууд ороод хамгийн үүдний ширээ рүү дөхөж очоод, байрны зээл сонирхох гэсэн юм гэтэл дуугарсангүй, дахин хэлтэл та үүдэнд байгаа танилцуулах материал уншчихаад ороод ир гэлээ. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг болохоор аргагүйн эрхэнд үүд рүү зүглэлээ.
Үүдний тавиур дээр нь яг байрны зээлтэй холбоотой зүйл алга. Буцаж очоод, дахин байрны зээлийн талаар мэдээлэл авах гэсэн юм гээд жаахан яаралтай явна гэдгээ учирлатал Та түр хүлээж бай, би ч бас завгүй байна, завтай болохоороо дуудъя гэлээ. Зузаан шилний цаанаас эдийн засагчдыг харж, 30-аад минут зогслоо. Миний л харахад хоорондоо ярьж инээлдээд, ажлаа хийж байгаа шинж алга. Жаахан цухал хөдлөөд дахиад шагайтал,

  • Өө, манай байрны зээл хариуцсан эдийн засагч өнөөдөр чөлөөтэй та маргааш хүрээд ирэх үү гэх нь ТЭР.
  • Миний дотор дүрэлзэж байсан ч хамраараа уураа гаргаад, чи надад хэдэн төгрөгийн зээл өгч болохыг тооцоод өгөөч гэж эелдэгээр гуйлаа.
  • Та зээлийн өргөдөл, материалаа өгсөн юм уу?
  • Үгүй
  • Тэгвэл зээлийн өргөдлөө бичиж, холбогдох материалаа бүрдүүлээд нэгмөсөн маргааш ирсэн нь ДЭЭР ДЭЭ!!!
  • Би цалингаа мэдэж байгаа л даа, зээлийг маань тооцоод өгч болохгүй юу?
  • Таныг хаана ажилладаг, ямар цалинтай гэдгийг би яаж мэдэх юм бэ? Өргөдөл, материалаа өгөөгүй байхад манайх урьдчилж хэдэн төгрөгийн зээл өгнө, өгөхгүй гэж хэлж чадахгүй шүү дээ гээд “Бүрдүүлэх материал” гэсэн бичгийн цаас дүүрэн хэвлэсэн жагсаалт өглөө. Үүнийгээ үйлчилгээ гэж бодсон байх.

Бараг 20 шахуу төрлийн зүйл бүрдүүлэх байсан шиг санаж байна. Эдгээрийг бүрдүүлээд өгчихлөө гэтэл миний хүссэн зээл гарахгүй гэвэл яах вэ? Хайран цаг, цаас болно биз дээ.
Бага үд хүртэл банкин дотор суугаад ямар ч үр дүн гарсангүй.
Гарах замдаа теллерээс байрны зээлийн өргөдлийн үнийг асуутал 10,000 төгрөг гэлээ?????
Маргааш нь иртэл байрны зээл хариуцсан эдийн засагч нь ажилдаа ирсэн байв. Хаа очиж, зан харьцаа сайтай эмэгтэй таарлаа. Би нөгөөх л асуултаа давтлаа.
Миний иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэрийг үзэж, баахан юм шалгааж байснаа

  • Та материалаа бүрдүүлээд өгчихвөл манайх судлаад зээл олгож болох юм.
  • Надад хэдэн төгрөг олдохоор байгааг тооцоод өгөөч.
  • Шууд хэлэх боломжгүй л дээ.
  • Би цөхөрсөнгүй. Миний цалинд багцаагаар хэд оногдох бол

Нилээд учирлаж, ухуулж, ярилцсаны эцэст надад олдож болох зээлийн дүнгээ тооцууллаа. Гэхдээ яг энэ хэмжээний зээл өгнө гэж баттай хэлж чадахгүй гэдгээ байн байн, онцлон хэлж байсан. 

  • Хэд орчим хоногт зээл гарах вэ?
  • Та энэ зээлийг авахын тулд орлогоо бүгдийг тодорхойлох баримт бичгүүд болон бусад нэмэлт баримт бичгүүдийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Зээлийн судалгаанаас болно. Бас та манай шинэ харилцагч болох учир хугацаа орох байхаа. Манайх танд шууд энэ зээлийг олгож болно гэж амлахгүй. Эцсийн шийдвэр хурлын шийдвэр байх болно. Эхнэр чинь бизнес хийдэг бол бизнестэй холбоотой материалууд бас хэрэгтэй. Мөн та манай банкнаас давхар 2-3 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах болно. БЛА БЛА БЛА
  • За, за. Баярлалаа

Бидний хооронд иймэрхүү яриа өрнөлөө. Банкнаас гартал өдрийн цайнд орох болсон байлаа.
Эцэст нь надад энэ бүхэн төвөгтэй санагдаж цалингаа авдаг банкыг сонгосон нь хэрэгтэй юм гэсэн шийдэлд хүрсэн.
Харин үүнээс миний ойлгосон зүйлс:
Эрт орой хэзээ нэгэн цагт банкнаас зээл авах хэрэгцээ танд гарах л байх. Энэ үед Банк таны сард олдог орлогыг баримтаар баталгаажуулахыг шаарддаг юм байна. Хэрвээ өнөөдрөөс орлогоо баримтжуулж байхгүй бол яг хэрэг болох үед өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдгийн үлгэр болж магадгүй юм байна лээ.
Иймд:
Хэрэв Та цалинтай ажилладаг бол: 

  • Цалингаа аль болох дансаар дамжуулан авахыг хичээх. Зарим байгууллага цалингаа бэлнээр тавих эрмэлзлэлтэй байдаг
  • Хөдөлмөрийн гэрээнд цалингаа зөвөөр нь бичүүлэх. Зарим байгууллага хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй.
  • НДШ-ээ аль болох бүх цалингаасаа тооцож төлөх. Зарим байгууллага жинхэнэ цалингаас бага дүнгээс тооцож, нийгмийн даатгал төлөхийг хичээдэг.

Хэрэв Та бизнес хийдэг бол:

  •  Өдрийн орлогоо аль болох банкны данс хийхийг хичээх
  •  Өөрийн дэвтэрт /хар дэвтэр/ орсон орлого, гаргасан зарлагаа бичиж хэвших
  •  Татвар төлсөн баримт, түрээс, цахилгаан, дулааны төлбөр төлсөн баримт, түрээсийн болон бусад гэрээ, бараа хүлээн авсан падаан, хил гаалиар орж гарсан бичиг зэрэг бизнестэй холбоотой баримтуудыг хадгалан цуглуулж байх

Мөн хүнээс мөнгө авахдаа дансаар дамжуулж авбал сүүлд банкинд орлого олдог гэдгээ батлах баталгаа болдог юм байна.
Таны олсон орлого бүр чинь нотолгоотой, үндэслэлтэй байвал банк таныг үнэхээр орлого олдог гэдэгт итгэнэ. Итгэхийн хэрээр Та хурдан зээл авч чаддаг болох юм байна гэдгийг ойлгосон. Тэр үеэс эхнэр бид 2 орлого, зарлагаа нямбай хөтөлж эхэлсэн ба энэ бид 2-ийн дундын Хобби болон хувирсан юм. Хэрхэн өрхийн орлого, зарлагын дэвтэр хөтлөх, хөтөлснөөрөө миний амьдралд ямар өөрчлөлт гарсан талаар дараа завтай үедээ бичихээр төлөвлөж байна.
Зээл хөөцөлдөх явцад үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой гарсан асуудлыг дараагийн нийтлэлээс уншаарай.

Өмнөх нийтлэл буюу 

Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд

Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс

Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-5: Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын албан татварыг хэн төлөх ёстой вэ?-ийг уншина уу.

Та өрхийн санхүүгийн сургалт, зөвлөгөө авахыг хүсвэл энд дарна уу.

Mongo.mn - Санхүүгийн зөвлөгөө зуучлалын төв

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Сурталчилгаа