Иргэд цахим хэлбэрээр газар өмчилж авах бүртгэл эхлээгүй байна
Иргэдэд шинээр газар өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр бүртгэх үйл явц одоогоор эхлээгүй байна. Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын 52 байршлаас эхний ээлжинд Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүргүүдэд 4-5 байршлыг сонгон, тухайн байршлуудад хийсэн хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулсанаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Бүртгэл эхэлсэн талаар яаж мэдэх боломжтой вэ?
Нийслэлийн Өмчийн Харилцааны Газраас “Иргэдэд газар өмчлүүлэх ажлын цахим бүртгэл эхэллээ” гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 5 хоногийн турш мэдээллэх юм байна.
Ямар шаардлага хангасан иргэд бүртгүүлж болох вэ?
- Өмнө нь хөдөө орон нутаг болон хотод газар өмчилж аваагүй байх
- 2013 оны 5 дугаар сарын 30-аас өмнө Улаанбаатар хотод суурьшсан, харьяалал нь нийслэлийн иргэн байх
Мөн хотын харьяалалтай, бүртгэлтэй гадаадад сурч, ажиллаж байгаа хүмүүс газар өмчлөх хүсэлт гаргах боломжтой.
Та дараах шаардлагыг хангаж байгаа бол www.umch.ub.gov.mn хаягаар орж гэр бүлийн зориулалтаар 52 байршилд өмчлүүлэх газраас сонгон, онлайнаар өөрийн хувийн мэдээллээ /нэр, регистрийн дугаар, төрсөн газар, утас.../ бөглөнө. Мэдээллээ илгээсний дараа танд хүсэлтийг хүлээн авч, газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу ирвэл та сонгосон газрынхаа харьяа дүүргийн газрын албанд хандаж материалаа бүрдүүлж өгөх юм байна.
Өмнө нь эхлээд газар эзэмших гэрчилгээ авдаг байсан бол шинээр өмчлүүлж байгаа 52 байршлын газрыг шууд өмчлүүлэхээр тогтоожээ.